ӨМНӨГОВЬ: ОБЕГ-аас хүүхэд хамгааллын бүсчилсэн сургалтыг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд "Хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт" сэдэвт бүсчилсэн сургалтыг Даланзадгад суманд зохион байгууллаа.
Бүсчилсэн сургалтыг есдүгээр сарын 10-11-ний өдрөөс эхэлж, Өмнөговь, Баянхонгор, Дундговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Дорноговь аймгийн нийт 30 гаруй алба хаагчийн төлөөлөл хамрагджээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч, ноён Петер Зафиров, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар нээлтэд оролцсон юм.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус сургалтыг хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд явуулсан бол ХГБХХЕГ-аас зочин багш оролцож, хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар алба хаагчдад мэдээлэл өгчээ.
Мөн сургалтаар Онцгой байдлын байгууллагын Хүүхэд хамгааллын бодлого, эцэг эхийн зөвлөлийн ажиллах журам цаашдын зорилгын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, гамшиг онцгой бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний чиглэлээр алба хаагчдыг чадавхжууллаа.
Өмнөговь аймгийн ОБГ нь нийт 100 гаруй
алба хаагчтай, алба хаагчдын 80 гаруй
хувийг 20-37 насны залуус эзэлдэг. Алба хаагчдынхаа 200 гаруй хүүхдийг эрсдэлийн даатгалд хамруулж ажиллаж байгаа нь бусад алба хэлтэст жишиг ажил болж байгааг
бүсчилсэн сургалтын үеэр онцоллоо.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генериал Б.Ууганбаяр:
-Бид анхны бүсчилсэн сургалтаа Өмнөговь аймгаас эхлүүлж байна. Монгол орон даяар сургалт зохион байгуулна. Сургалтын гол зорилго бол хүүхэд гамшиг осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, өртсөн үед нь түүнийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах чадамжуудыг эзэмшүүлэх юм.
Саяхан хүүхэд хамгааллын хууль УИХ-аар батлагдсан. 2024 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн хамгааллын асуудлыг тусгасан. Тиймээс онцгой байдлын алба хүүхэд хамгааллын асуудалд бусад мэргэжлийн байгууллагатай хамтран идэвхтэй оролцож байна. Ялангуяа хүүхэд хамгааллын стандарт боловсруулах тал дээр НҮБ-ын хүүхдийн сантай нягт хамтран ажиллаж байгаа. Хүүхдийг аливаа гэмтэл ослоос урьдчилан сэргийлэх, төлөвлөлтийн ямар бичиг баримтуудыг гаргах, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр олон улсын чиг хандлагатай холбогдсон сургалтуудыг зохион байгуулж байгаа юм. Энд онцгойлон хэлэх нэг зүйл бол Өмнөговь аймгийн ОБГ алба хаагчдынхаа хүүхдүүдийг даатгалд хамруулж хүүхэд хамгааллын нөлөөллийн ажилд онцгой үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Маш талархууштай ажил юм. Энэ албанд хэн нэг нь алба хааж байгаагаас гадна гэр бүлээрээ ажиллаж байгаа маш олон алба хаагч бий. Бид тэдний ар гэрийн нийгмийн асуудал, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад гол зорилгоо хандуулан ажиллаж байна. Байгууллага бүрд эцэг эхийн зөвлөл байгуулж хүүхэд саатуулах шаардлага хангасан өрөө байгуулах ажлыг эрчимжүүлж байгаа. Ар гэртээ санаа зовохгүй тогтвор сууршилтай ажиллах боломжийг бүрдүүлэх, амьдралын явцад урган гарч байгаа эрсдэлт олон хүчин зүйлс байдаг. Энэ бүхнээ зөв гарц гаргалгаагаар шийдвэрлэж ажиллахаар манай алба хаагчид нээлттэй ярилцах юм.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч, ноён Петер Зафиров:
- ОБЕГ-тай эхлүүлсэн хамтын ажиллагаа амжилттай үргэлжлээд явж байна. Энэ ажлын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Би Өмнөговь аймагт анх удаа ирж ажиллаж байна. Хүүхэд хамгааллын бодлогыг бүс нутгийн ОБГ-ын эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хүргэх юм. НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхэд төвтэй гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг бодлогын түвшинд нөлөөлөх, залуучууд болон хүүхдийн дуу хоолойг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцуулах чиглэлээр тогтмол анхаарч ажиллаж байна. Энэ сургалтын үйл ажиллагаа Өмнөговь аймгаас эхэлж байна. Цаашлаад 21 аймагт зохион байгуулна.