“Инвескор ББСБ” хувьцаат компани Казахстанд салбараа нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-16 15:05:41

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Инвескор санхүүгийн байгууллага Казахстанд охин компаниа байгууллаа.


Тодруулбал, “Инвескор ББСБ” компани Төв Ази дахь үйл ажиллагаагаа тэлж Казахстан улсад “Инвескор Финанс” охин компаниа байгуулах албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болов. Ингэснээр тэд Төв азийн хоёр дахь улсдаа салбараа байгуулж, үйл ажиллагаа эрхэлж буй нь энэ юм. Монголын санхүүгийн байгууллага олон улсад зах зээлээ тэлж, гаднын хэрэглэгчдэд хүрч үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа дээр монгол мэргэжилтнүүд ч Төв Азид олноороо ажиллаж, удирдан түүчээлэх үүд хаалга өргөжин тэлж буй нь сайшаалтай.


“Инвескор” санхүүгийн байгууллага нь бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн “Хариуцлагатай дэмжигч” байх зорилготойгоор 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, 2019 онд нээлттэй хувьцаат компани болжээ. Тус компани одоогийн байдлаар Улаанбаатар хотод төв оффисоос гадна 13 салбар, Дарханд нэг, Эрдэнэтэд нэг, Киргизстанд дөрөв, Казахстанд нэг салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.                          


Сонирхуулахад, Казахстан нь 20 сая хүн амтай бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 43-т жагсаж, эдийн засгийн чадавхаараа Төв Азидаа тэргүүлэгч орон юм. Одоогоор тус улсад банк бус санхүүгийн 221 байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд “Инвескор Финанс” охин компани нь Казахстанд дэвшилтэд технологи, шуурхай үйлчилгээгээ нэвтрүүлэн ажиллахаар зорьж байна.





Холбоотой мэдээ