Манай улс оны эхний найман сард 155 оронтой худалдаа хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-18 11:58:07

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 8 сард 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 10.6 тэрбум, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.2 (13.6 хувь) тэрбум, эъспорт 620 (6.2 хувь) сая, импорт 1.6 (26.2 хувь) тэрбум ам.доллароор нэмэгдэж, тэнцэл 935.6 (23 хувь) сая ам.доллароор багассан байна. 

Экспорт оны эхний 8 сард өмнөх оны мөн үеийнхээс 620 сая ам.доллароор нэмэгдэхэд нүүрс 372.5 сая, зэсийн баяжмал 195.9 сая, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 159.7 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин цайрын хүдэр, баяжмал 68.3 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 50.1 сая ам.доллароор багассан аж.


Импорт өмнөх оны мөн үеийнхээс 1.6 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 238.3 сая, ачааны  автомашин 212 сая, дизелийн түлш 144.3 сая , бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч,  экскаватор 118 сая, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 64.9 сая, автобензин 47.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Экспорт энэ оны 8 дугаар сард өмнөх сарынхаас 21.3 (1.5 хувь) сая ам.доллароор багасаж, импорт 57.3 (5.5 хувь) сая ам.доллароор нэмэгдлээ. Тухайлбал, хилийн дундаж үнийн үзүүлэлт оны эхний найман сард гэхэд алтны хувьд өмнөх оны мөн үеийнхээс унц тутамд 323.7, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 149.9, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.2 ам.доллароор нэмэгдэж, нүүрсний үнэ тонн тутамд 24.9 ам.доллароор багассан байна.


БНХАУ-д экспортолсон барааны 63.5 хувийг нүүрс, 20.2 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол  Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг боловсруулаагүй, хагас боловсруулсан алт эзэлжээ. Гурилын экспорт энэ оны эхний 8 сарын байдлаар 1403.2 тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1377.4 (54.4 дахин) тонноор өссөн байна. Түүнчлэн, эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 96.4 хувийг эзэлж байгаа бол импортын 72.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байгаа юм.


Оны эхний 8 сарын байдлаар ОХУ-аас импортолсон барааны 70.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 78.4 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 12 хувийг ачааны автомашин эзэлжээ. Мун хугацаанд гурилын импорт 38.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 34.7 (11.2 дахин) мянган тонноор нэмэгдсэн байна.


Оны эхний 8 сарын байдлаар экспортын 46.2 хувийг Гашуунсухайт, 19.1 хувийг Замын-Үүд, 13.5 хувийг Шивээхүрэн боомтоор хийсэн нь нийт экспортын 78.7 хувийг эзэлж байв. Импортын 51 хувийг Замын-Үүд, 22.1 хувийг Сүхбаатар боомтоор хийсэн нь нийт импортын 73.1 хувийг эзэлж байгаа аж. 

Холбоотой мэдээ