Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 23 /RT/. Даваа гаргийн арилжааны явцад алтны үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрч өслөө.
Тодруулбал, Нью-Йоркийн “Comex” биржийн арилжаагаар 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ 8.45 ам.доллароор буюу 0.32 хувиар өсөж, унц нь 2654.7 ам.долларт хүрчээ. Харин 12 дугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс хэлцлийн ханш унц нь 31.442 ам.доллар болж, 0.18 хувиар буурсан байна. Үүний өмнөхөн унц алтны үнэ 2655.8 ам.доллар болж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.
Алтны үнэ өнгөрсөн баасан гаргаас хойш тасралтгүй өсөж байгаа бөгөөд үүнд гол хоёр хүчин зүйл нөлөөлж байна гэж шинжээчид тайлбарлалаа. Эхнийх нь АНУ-ын Холбооны нөөцийн сан 2020 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ 0.5 суурь нэгжээр бууруулж, 4.75-5 хувь болгосон явдал юм. Өнгөрсөн долоо хоногт болсон хурлын үр дүнг зарласны дараа унц алтны үнэ 2650 долларт хүрч, түүхэн дээд үзүүлэлт шинэчлэгдэв. Үүнээс гадна, алт нь уламжлал ёсоор аюулгүй баталгаат актив гэж тооцогддог тул Ойрх Дорнодод байдал хурцадсан нь алтны фьючерс хэлцлийн үнэ өсөхөд нөлөөлсөн хоёр дахь хүчин зүйл юм. Израилын Батлан хамгаалах арми Ливаны "Хезболла" хөдөлгөөний байгууламжуудад бөөн хүчээр цохилт өгнө гэж мэдэгдсэн нь Ойрх Дорнодын хямралыг хурцатгаж байна.