Германд гадилын хайрцагнаас их хэмжээний кокаин илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-09-24 17:00:30

БЕРЛИН, 2024 оны есдүгээр сарын 24 /DW/. Гадил жимсний хайрцган дотор 95 кг кокаин нуусан байсныг Германы нэгэн хүнсний сүлжээ дэлгүүрийн ажилтнууд илрүүлсэн тухай цагдаа нар даваа гарагт мэдэгджээ.


Илрүүлсэн мансууруулах бодис нь ойролцоогоор 7 сая евро буюу 7.8 сая ам.доллароор үнэлэгдэнэ гэж хэвлэлүүд  мэдээлж байна.


Цагдаа нар тухайн супермаркетын нэрийг дурдаагүй боловч мансууруулах бодис баруун нутгийн Хойд Рейн-Вестфаль муж орчмын хэд хэдэн хотоос олдсон гэж мэдээлжээ.


Энэ сарын 10-нд Мёнхенгладбах хот дахь сүлжээ дэлгүүрийн ажилтнууд кокаиныг анх олжээ. Тухайн өдрийн орой Дуйсбург, Крефельд, Фирзен, Хайнсберг, Нойс хотууд дахь сүлжээ дэлгүүрүүдэд мансууруулах бодис илэрсэн байна.


“Сүлжээ супермаркет бол барааг хүлээн авагч биш, харин андуурч хүлээн авсан гэх таамаглалыг мөрдөн байцаагчид дэвшүүлсэн” тухай Мёнхенгладбах хотын цагдаагийн газар мэдээлжээ.


Уг ачаа Өмнөд Америкаас ирсэн бөгөөд Германы супермаркетын түгээлтийн агуулахад хүргэгдэхээс өмнө Бельгийн Антверпен боомтод ирсэн гэж цагдаа нар таамаглаж байна. 



Холбоотой мэдээ