Монголын сагсан бөмбөгийн холбоо “Ball In School” төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-27 11:18:29

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооноос хүүхэд залуус, багш дасгалжуулагч нарыг дэмжих болон үндсэн шигшээ багийн бодлогын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Энэ үеэр МСБХ-ны ерөнхий  нарийн бичгийн дарга С.Төгсжаргал “Монголын сагсан бөмбөгийн холбоо бодлогын түвшинд олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Тэмцээн зохион байгуулахаас гадна өсвөрийн шигшээ баг, багш дасгалжуулагч дэмжих, бэлдэх болон шигшээ багийн залгамж халаагаа хэрхэн бэлдэх тал дээр урт хугацааны төлөвлөгөө гарган, ажиллаж байгаа юм.


Энэхүү бодлого, төлөвлөгөөтэй холбоотой хүүхэд залуус руу чиглэсэн “Ball In School” төслийг эхлүүллээ. Энэ хүрээнд гурван насны ангиллын шигшээ багийг бүрдүүлсэн. Тодруулбал, 20-иос доош, 18-аас доош, 16-гаас доош насны ангиллын шигшээ баг байгуулсан. Харин дасгалжуулагч нарыг бэлдэх, дэмжих ажлуудын хүрээнд олон улсын сагсан бөмбөгийн холбооны сургалт явуулах эрхтэй мэргэжилтэнтэй хамтран зэрэглэл олгох сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулна. Сургалтад амжилттай оролцсон дасгалжуулагчдад сагсан бөмбөгийн холбооны зэрэглэл олгох юм. Энэ хүрээнд олон улсын сагсан бөмбөгийн холбооны сургалт явуулах эрхтэй грек мэргэжилтэнтэй хоёр жилийн гэрээг байгуулсан.


Түүнчлэн ФИБА-ны олон улсын сантай хамтран “Азийн залуу сагсан бөмбөгийн манлайлагч” хөтөлбөрт хоёр залуу тамирчныг оруулсан. ФИБА болон НБА-тай хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд манай өсвөрийн тамирчид “Basketball Without Borders in Asia” хөтөлбөрт хамрагдсан” хэмээн ярилаа.  

Холбоотой мэдээ