Сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр Япон улсад туршлага судлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2024-09-30 17:39:05

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Биологийн тэнхим АШУҮИС-тай хамтран Багш, Эрүүл мэндийн боловсрол арга зүйн мэргэжилтэн бэлтгэх шинэ хөтөлбөрийг 2024-2025 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл Монгол хүн-Үндэсний хөдөлгөөн", түүний "Эрүүл мэндийн боловсрол" дэд хөтөлбөр, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2024 оны А/147 тоот тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.


Энэхүү шинэ мэргэжилтэн нь зөвхөн эрүүл мэндийн хичээл заахаас гадна сургуулийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх, сургуулийн сурагчид, багш, ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчин, хоол тэжээл, зан үйлийн хүчин зүйлсийг арилгах, эрүүл идэвхтэй амьдрахад нь дэмжин чиглүүлэх, сургуулийн эрүүл мэндийн багийн манлайлагчийн үүргийг гүйцэтгэх ажээ.


Энэ хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ, БШУЯ, МУБИС, АШУҮИС, ХИС, СУИС-ийн багш, мэргэжилтнүүд Япон Улсын цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн багийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирсэн байна. Мөн  хэвлэл мэдээллээр дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Япон Улсын эрүүл мэндийн сэтгүүл зүйн сургалттай ч танилцжээ. 


Монгол Улсад 9 хүртэлх насны хүн ам хамгийн их буюу бараг 21 хувь, 10-19 насны хүн ам 15 орчим хувийг эзэлж байна. Урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан халдварт бус архаг өвчин өсвөр, залуу наснаас эхлэн үүсдэг. Бусад орныхтой харьцуулахад шүд цоорох, гүйлсэн булчирхайн үрэвсэл, харааны хөнгөн бэрхшээл, таргалалт зэрэг урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой өвчлөл монгол хүүхдийн дунд багагүй байгаа юм.


 

Холбоотой мэдээ