ДУНДГОВЬ: Насанд хүрэгчдийн волейболын шилдэг тамирчдыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-03 11:06:58
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Волейболын холбоо, ЗДТГ, Биеийн тамир спортын газар хамтран 2024 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг Мандалговь суманд зохион байгуллаа.


Тус тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 6 багийн 200 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос эмэгтэй төрөлд спортын дэд мастер Д.Алтанзул дасгалжуулагчтай, Э.Анударь ахлагчтай “Эрхэм клуб”, эрэгтэй төрөлд спортын мастер Ш.Жавхлантөгс дасгалжуулагчтай, спортын мастер Г.Чагнаадорж ахлагчтай Дундговь аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид түрүүлжээ.


Тэмцээний эмэгтэй төрөлд спортын мастер Ц.Сувдантуяа ахлагчтай “МНЧ” баг, Өлзийжаргал ахлагчтай Гурвансайхан сумын баг, эрэгтэй төрөлд спортын мастер А.Ганзил дасгалжуулагчтай Г.Тулгазаан ахлагчтай Өлзийт сумын баг, А.Энэбиш ахлагчтай Гурвансайхан сумын баг амжилттай оролцож, удаах байруудад шалгарсан байна.


Энэ үеэр тэмцээний Шилдэг хамгаалагчаар А.Мөнхжавхлан, спортын дэд мастер С.Сумъяасүрэн, Шилдэг давуулагчаар спортын мастер Б.Анхбаяр, Э.Анударь, Шилдэг холбогчоор Бямбадорж, Цэндсүрэн, Шилдэг довтлогчоор спортын мастер С.Нямсүх, спортын мастер Энхтунгалаг, Шилдэг тэгш тоглогчоор Б.Баярсайхан, Э.Анхзул нар шалгарч, Шилдгийн шилдэг тоглогчоор спортын мастер Б.Батсуурь шалгарчээ.


Дундговь аймгийн ЗДТГ-аас биеийн тамир спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын спортоор хичээллэх сонирхлыг төрүүлж, тамирчдын тоог нэмэгдүүлэх, ур чадварыг өсгөх зорилгоор улс, бүсийн уралдаан, тэмцээнийг орон нутагтаа хүлээн авах, аймгийн тэмцээнийг тогтмол зохион байгуулах бодлого барьж буй.


Энэхүү зорилгын хүрээнд 2022 оноос улсын чанартай 13, бүсийн 6 төрлийн тэмцээнийг аймагтаа зохион байгуулсан байна. 



Холбоотой мэдээ