Нийслэлийн 12 сургуульд “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Агаарын бохирдол ихтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуульд “Сүү” зорилтот төслийг хэрэгжүүлж байна.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо гэсэн хамтын зарчмаар долоон хоногийн гурван өдөр сурагчдад сүү өгч байгаа аж. Нийслэлийн төсвөөс нэг өдрийг, дүүргийн төсвөөс, нэг өдрийг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд НЗДТГ-ын 2024 оны төсөвт нэг тэрбум төгрөгийг суулгасан бол Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ЗДТГ 767 сая төгрөгийг төсөвт суулгаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэжээ.
Уг төслийг нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага ангийн 11785, дунд ангийн 6418, ахлах ангийн 637, нийт 18840 хүүхдийг эхний ээлжид хамруулж байгаа юм.
Сүү нь сурагчдын бие махбодод зайлшгүй шаардлагатай үл орлогдох тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын дутмагшлыг багасгаж, эрүүл мэнд өсөлт хөгжлийг нь дэмжихийн зэрэгцээ агаарын бохирдлоос үүдэлтэй хүний биед хуримтлагдах хорт бодисыг гадагшуулах өндөр ач холбогдолтой юм.