СЭЛЭНГЭ: Сансрын 7 хоногт идэвхтэй оролцсон хүүхдүүдэд батламж олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-10 10:12:21

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Сансар ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд тэмдэглэж байгаа “Сансрын долоо хоног” Сэлэнгэ аймагт үргэлжилж байна.

 

Энэхүү үйл ажиллагаанд Сүхбаатар сумын ЕБ-ын 6 сургууль, 8 цэцэрлэгийн ахлах бүлгийн нийт 500 гаруй хүүхэд анги хамт олноороо хүрэлцэн ирж, сансар, огторгуйтай танилцжээ.  

 

Энэ талаар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтэн О.Ану, “Хүүхдүүд AR, VR бугуйвчаа зүүгээд сансрын Союз-39 хөлөг, солирын тухай мэдэж, дурангаар гадна орчныг харж байна.

 

Мөн сансрын холбогдолтой зураг зурж, будах, цаасан онгоц хийж нисгэх, шааран бөмбөлөг хөөргөх зэргээр сонирхолтой өртөөнүүдээр аялж байна.

 

Бас сансар огторгуйтай холбоотой бүтээлүүдийн загварыг хараад, өөрсдийн гараар хийж, туршиж байгаа болохоор хүүхдүүд маш их сонирхон, идэвхтэй оролцож байгаа.

 

Бид оролцсон бүх хүүхдэд “сансрын 7 хоног үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод, бүх туршилтаа амжилттай хийж гүйцэтгэв” гэсэн батламж олгож байна” хэмээн ярилаа.   

 

Сансрын 7 хоногийг зохион байгуулахад сайн дурын 20 оролцогч хүүхэд их үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэд нэг нэг өртөөг хариуцан ажиллаж, оролцогч хүүхдүүдэд зааж зааварчлан, чиглүүлж байна.

 

-Сүхбаатар сумын ЕБ-ын 5-р сургуулийн сурагч, сайн дурын ажилчин Т.Билгүүн:

-Сансрын 7 хоногийн сургалтад ирж оролцож байгаа хүүхдүүдэд багш болж, тулж ажиллаж байгаа. Бид 12 өртөөн дээр хуваагдан ажиллаж байна.

 

Тухайлбал шааран болон цаасан пуужин, толин тусгал. Энэ маань зөвхөн толь руугаа харж, 5 хошуу голоор нь эргүүлэхэд толгой эргэдэггүй, мэдрэмж сайтай байдгийг хүүхдүүдэд харуулж байна.

 

Сансрын нисгэгч нар яагаад толгой нь эргэдэггүй байдаг гэдгийг мэдэх юм. Мөн эрчгэнүүр гэж эргүүлдэг тоглоом гэх мэт 12 өртөөн дээр бид багшилж байгаа. Оролцож байгаа хүүхдүүд жаахан сахилгагүйтэж л байна хэмээв.

 

Дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг дэлхийн сансрын долоо хоногийг энэ жил хүүхэд, залуусын сонирхолд тулгуурлан шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, дэлхий даяар хүмүүст сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ашиг тусыг сурталчлах зорилгоор явуулдаг байна.  

 

Тус үйл ажиллагааг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Юнитeл группийн Сэлэнгэ салбарын дэмжлэгтэйгээр, аймгийн Хүүхдийн зөвлөл, сайн дурын хүүхдүүд хамтран зохион байгуулж байна.











 

Холбоотой мэдээ