“Фулхэм” клубийн хөтөлбөрт хамрагдсан 11 хүүхэд Лондонг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
b.tuul@montsame.gov.mn
2024-10-12 10:05:44

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Английн алдарт “Фулхэм” клубийн сургалт гурав хоног үргэлжилж, өчигдөр хаалтаа хийв.


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” төслийн хүрээнд зохион байгуулсан энэхүү сургалтаас шилдэг 11 хүүхдийг шалгаруулж, Лондон хотноо “Фулхэм” клубийн хөтөлбөрт хамруулахаар болов. Сургалтаас шалгарсан тэдгээр хүүхдүүд “Кравэн коттэйж” цэнгэлдэх, Английн нэгдүгээр зэрэглэлийн бэлтгэлийн баазтай танилцаж, Фулхэм хөлбөмбөгийн клубийн дэргэдэх академийн дасгалжуулагч нартай хоёр өдрийн бэлтгэлд гарч, Фулхэм хөлбөмбөгийн клубийн дэргэдэх сангийн багтай нөхөрсөг тоглолт хийх аж.


Дасгалжуулагч багш Янник Жин, “Монголын авьяаслаг хөлбөмбөгчдийн нэг хэсгийг дасгалжуулах нь үнэхээрийн таатай хэрэг байлаа. Хүүхдүүдийн хөлийн ажиллагаа, чадварлаг хамгаалалт, анхаарал төвлөрлийг харахад монголын хөлбөмбөгийн академиуд залуу авьяастнуудыг бэлтгэхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа нь илэрхий байна. Монгол хүүхдүүд цаашид ч эерэг хандлагаа хадгалж, бэлтгэлээ тасалдуулалгүй, шаргуу бэлтгэж тоглоосой. Фулхэм хөлбөмбөгийн клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагаа ирээдүйд ч залуу монгол тамирчдыг хөгжүүлэх олон боломжийг бүрдүүлсээр байх биз ээ. Басхүү хэдэн жилийн дараа тэднийг зурагтаар үзээд сууж байх өдрийг тэсэн ядан хүлээж байна” хэмээв.

Холбоотой мэдээ