Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор эмч нарын VII чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-15 09:47:04

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын санаачилгаар зохион байгуулж буй “Эрүүл мэндийн салбарын долоо хоног” үйл ажиллагааны хүрээнд гурван их хурал болно.


Тодруулбал, энэ сарын 17-нд “Корпорэйт конвейншн центр”-т удирдах ажилтны зөвлөгөөн болно. Уг зөвлөгөөнөөр өнгөрсөн жилийн ололт амжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, хүрээг тодорхойлон “Нийгмийн эрүүл мэндийн бодлого тэргүүлэх чиглэл болох нь” уриан дор зохион байгуулна.


Тэгвэл энэ сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор эмч нарын VII их хурлыг Төрийн ордонд зохион байгуулна. Ингэснээр хүн амын эрүүл мэндийг дэмжих,  хамгаалах, энэхүү салбарыг хөгжүүлэх, эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний шилдэг арга барил, туршлагыг сурталчлах, шинэ мэдлэг, мэдээлэл солилцох ач холбогдолтой юм.


Ташрамд дурдахад, Засгийн газрын 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн “Эмч нарын их хурал зохион байгуулах тухай” 261 дүгээр тогтоолоор уг хурлыг таван жил тутамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хурлаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс салбарт цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар санал авч, хурлаас зөвлөмж гаргаж, хүний нөөцийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм. Мөн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр эрүүл мэндийн салбараас хэрэгцүүлэх бодлогыг танилцуулна.


Харин энэ сарын 19-нд Төрийн ордонд багийн эмч нарын анхдугаар зөвлөгөөн болно. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод монгол хүний эрүүл мэнд, нийгмийн хөгжлийг дээшлүүлэхэд бага наснаас нь амьдралын чанарыг сайжруулснаар дундаж наслалтыг 2030 онд 78, 2050 онд 82-т хүргэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтод хүрэхийн тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах чиглэлээр иргэн бүр байгаа газраа, санхүүгийн бэрхшээлгүй чанартай тусламж, үйлчилгээг авах тогтолцоог сайжруулах бодлого барьдаг.


Улсын хэмжээнд 190 мянган өрхийн 305 мянга гаруй малчин орон нутгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллага болох Сумын эрүүл мэндийн төв,  багийн эмчээс эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч байна. Иймд багийн эмч нарын анхдугаар уулзалтаар нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж, үйлчилгээнд багийн эмчийн үүрэг, оролцоо, чанарт суурилсан гүйцэтгэлийн санхүүжилт, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр мэдээллээр хангана. Мөн тэдний санал хүсэлтийг сонсож, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх сургалт явуулахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ