Үндэстнүүдийн лиг: Германы шигшээ баг хасагдах шатанд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМЮНХЕН, 2024 оны аравдугаар сарын 15 /RIA Novosti/. Германы шигшээ баг УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн хэсгийн тоглолтод Нидерландын багийг хожиж, тэмцээний 1/4 финалд өрсөлдөх эрхээ авлаа.
“А” лигийн 3-р хэсгийн тоглолт даваа гарагт Мюнхен хотноо болж, талбайн эзэн баг 1:0-ээр хожжээ. Германы шигшээ багийн гоолыг хагас хамгаалагч Жэйми Левелинг 64 дэх минутад оруулсан байна. Өдгөө 23 настай тэрбээр шигшээ багийнхаа төлөөх анхны тоглолтдоо анхны гоолоо оруулжээ.
Тоглолт эхлэхийн өмнө хөгжөөн дэмжигчид Германы шигшээ багаас зодог тайлж буйгаа зарлаад байгаа Мануэль Нойер, Томас Мюллер, Илкай Гундоган, Тони Кроос нарт зориулж томоохон хэмжээний үзүүлбэр зохион байгуулжээ. Кроосоос бусад бүх тоглогч тоглолтод оролцсон байна.
Хэсгийн өөр нэг тоглолтод Унгарын баг Босни-Херцеговины багийг талбайд нь 2:0-ээр буулгаж авлаа. Английн “Ливерпүүл”-ийн хагас хамгаалагч Доминик Собослай тоглолтын 38, 50 дахь минутад дубль хийсэн байна. Тэрбээр хоёр дахь гоолыг торгуулийн цохилтоос оруулжээ.
Германы шигшээ баг 10 оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол Нидерланд (5), Унгар (5), Босни-Херцеговин (1) улсуудын багууд удаалж байна. Дараагийн тоглолтод Германчууд 11 дүгээр сарын 16-нд босничуудыг хүлээн авах бол Нидерландын баг мөн өдөр Унгарын багтай талбайдаа тоглоно.