СЭЛЭНГЭ: 16 сая дахь модоо тарилаа

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2024-10-22 13:37:31

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 2024 оны намрын тарилтаараа 16 сая дахь модоо тарилаа.  

 

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймгийн ойн мэргэжлийн байгууллагууд, ААН, иргэд идэвхтэй оролцож, 2022 оноос хойш дээрх тарилтыг хийгээд байгаа юм.

 

Тухайлбал 2024 онд Алтанбулаг, Ерөө, Хушаат зэрэг сумдад нийт 2665 га талбайд 6.662.500 /зургаан сая гаруй/ ширхэг шилмүүст модны тарьцаар ойжуулалтын ажлыг гүйцэтгээд байна.

 

Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах хамгаалалтын ойн зурвасыг Алтанбулаг сумын нутаг дахь 2 элсний орчимд 50 га талбайд байгуулжээ. Энд нийт 500.000 ш навчит мод тариад байна.

 

Түүнчлэн бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу хавар, намар нийтийн эзэмшлийн талбайд  20 гаруй мянган ширхэг мод тарьжээ.

 

Сэлэнгэ аймаг нийтдээ 2024 онд 7.182.500 ширхэг модыг ойжуулалт, ойн зурвас, нийтийн эзэмшлийн талбайд тариад байна.

 

Мөн намрын мод тарих өдрөөр Сүхбаатар сумын “Бор гүвээ” 5 дугаар багт байрлах “Ногоон төгөл”-д байгууллагууд мод тарьж, өмнөх жилүүдэд тарьсан модоо усалж, арчилж байна.

 

Тодруулбал “АгроФорест” ХХК-ийн мод үржүүлгийн талбайгаас агч 20 ширхэг, голт бор 20 ширхгийг, мөн Иргэний бүртгэлийн газар 5, Татварын хэлтэс 10 ш монос, Ус цаг уур шинжилгээний төв агч 10, Орон нутгийн өмчийн газар голт бор 5 ш, Худалдан авах газар голт бор 5 ширхгийг тус тус тарьж, усалсан байна.

 

Тохижилт, үйлчилгээний газраас мод тарих “Ногоон төгөл”-д бууц, элс тус бүр 1 портер буулгажээ.

Холбоотой мэдээ