Ажил хэргийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Хоргос чөлөөт бүсийг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар,
2024 оны аравдугаар сарын 29.
/МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч
К.Токаевын манай улсад хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр улсын
бизнесийн байнгын ажиллагааны талбар Ажил хэргийн зөвлөлийг байгуулж анхны
хуралдаанаа хийсэн юм.
Хуралдаанаар Казахстан
улсын талаас тус улсын хилийн хамтын ажиллагааны олон улсын Хоргос
төвийн үйл ажиллагааг “Хоргос”
компанийн Удирдах зөвлөлийн дэд дарга Д.Е.Кадыр танилцууллаа. Тус төв нь Казахстан
болон БНХАУ гэсэн хоёр улсын санаачилгаар байгуулагдан үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй чөлөөт бүс юм.
2005 онд байгуулж, Казахстан Улс, БНХАУ, хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу анх хоёр талдаа 560 га талбайтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Хоргос чөлөөт бүс сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж, эдүгээ 764 га хил дамнасан нутаг дэвсгэр бүхий, зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа бараа чөлөөтэй солилцдог, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын үлгэр жишээ төв болон хувирчээ.
Чөлөөт бүсийн Казахстаны болон Хятадын талын нутаг дэвсгэрт нэгэн адил
томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж,
худалдааны төв, үйлчилгээний газар
олноор байгуулан, хөрөнгө оруулалтын олон төсөл төлөвлөн хэрэгжүүлж байна.
Хоорондоо авто замаар
холбогдсон, татваргүй, хилийн болон хөдөлмөр эрхлэлтийн хялбаршуулсан дэглэмтэй
хоёр талын нутаг дэвсгэрт өглөө 07.00 цагаас орой 19.00 цаг хүртэл өдөр бүр Казахстаны талаас
4000, Хятадын талаас 7000 хүртэл
хүн чөлөөтэй зорчиж худалдаа бизнес эрхлэж байгааг танилцуулав.
Танилцуулгын дараа Монгол-Казахстаны Ажил хэргийн хуралдаанаар манай улсын Замын-Үүдийн чөлөөт бүсийн удирдах компани болон Казахстаны олон улсын хилийн бүсийн хамтын ажиллагааны төв “Хоргос” компанийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.
Монгол-Казахстаны Ажил хэргийн хуралдаанаар Казахстаны төлөөлөл тус улсын бизнесийн бусад салбарын талаар танилцууллаа. Тодруулбал, Казахстан улсын Цахим хөгжлийн сайд Ж.Х.Мадиев тус улс цахим засаглалаараа дэлхийд 24 дүгээр байрт явааг мэдээлэв.
Тэрбээр хэлэхдээ, “Бид Төв Азийн техникийн хамгийн том төв “Astana Hub” байгуулсан. Энд бүх төрлийн бүтээгдэхүүний өргөн хүрээний үйлчилгээ үзүүлдэг. 436 орны компаниудын 1500 гаруй байнгын оролцогч байна. Гол зорилго нь бизнес эрхлэгч, стартапуудын технологийг Төв Азийн зах зээлд оруулах юм. Монгол Улсад өөрсдийн туршлагаа судлуулж, IT, цахим технологийг хөгжүүлэхэд хамтарч ажиллаж болно. Монголын стартапуудыг дээрх системд оруулж, сургалтад хамруулахыг хүсэж байна. Хоёр улсын зах зээлийн онцлогийг илүү ойлгож, инноваци технологийг нэвтрүүлэх боломж бий” гэв. Казахстаны Гадаад худалдааны танхимын дарга М.Р.Каримсаков хэлэхдээ:
-Казахстан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үеэр хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа нь манай хоёр орны эдийн засгийг хөгжүүлэх том боломж нээгдэж байна. Казахстаны Үндэсний танхим нь ААН-үүдийн эрхийг төрийн байгуулага, олон улсын байгууллага болон гадаадад төлөөлж, хамгаалдаг.
-Бид гадаадын хөрөнгө оруулалт, нээлттэй хаалганы бодлого
баримталж, татварын тогтвортой, урьдчилан таамаглахуйц тогтолцоог хангаж,
шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, бизнесийн шударга орчин бүрдүүлж байна.
Бид Засгийн газартай хамтран гадаад хөрөнгө оруулалтыг татах, тэдэнтэй харилцах
зорилгоор Үндэсний цахим хөрөнгө оруулалтын платформ боловсруулсан.
Энэ нь аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулагчдыг татах, бизнесийг хөгжүүлэх, гадаад түншүүдээ олоход тусалдаг. Энэ оны есдүгээр сарын 13-нд Казахстан Монголын бизнесийн зөвлөлийг цахим хэлбэрээр анхлан байгуулсан. Энэ нь Монгол-Казахстан манай хоёр орны харилцааны чухал үе шат болсон юм. Хоёр орны бизнес эрхлэгчид харилцан ажиллах боломжийг нээж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг албан ёсных болгож байна гэв..
Хуралдаанаар хоёр улсын бизнес эрхлэгчдийн худалдаа,
эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх,
өргөжүүлэх яриа хэлэлцээрүүд хийж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Казахстан талаас хөдөө аж ахуй, хүнс, гадаад худалдаа, хөнгөн үйлдвэрлэл зэрэг салбарын 10 гаруй компани бизнесийн олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Монголын ААН-үүдтэй В2В уулзалт зохион байгуулсан юм.