Дарханы замыг түр хугацаагаар хаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймагт энэ өглөөний 7 цагаас эхэлж орсон цас улам бүр нэмэгдэж үдийн 12 цагийн байдлаар 20 см болтлоо зузаарлаа.
Цас их хэмжээгээр орж байгаа учраас үзэгдэх орчин хязгаарлагдаж Дархан хот доторх зам өгсүүр газар болон эргэлттэй хэсэгт хальтиргаа гулгаа үүсч зорчиход хүндрэлтэй болж эхлэв. Аймгийн Онцгой Байдлын газраас хот хоорондын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан тухай мэдээллээ.
Аймгийн ОБГ-ын орлогч Б.Ганхүү:-“Цаг агаарын онцгой үзэгдлийн улмаас аймгийн Онцгой Комисс хуралдаж тус аймаг дахь Цаг уур, Байгаль Орчны шинжилгээний төвийн мэдээ, цас их хэмжээгээр орж байгаа бодит байдал зэргийг үндэслэж дүгнэлт гаргаснаар аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-396 тоот захирамж гарч хот хоорондын замын хөдөлгөөнийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны 12 цагаас 19-ний өглөөний 09 цаг хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа. Мөн байгалийн онцгой аюулт үзэгдэлтэй холбогдуулж аймгийн нийт иргэд, тээврийн хэрэгсэл хэрэглэгч байгууллага, жолооч, зорчигчдод хандсан сэрэмжлүүлгийг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэх ажлыг Цаг уурын байгууллага, Замын Цагдаагийн тасаг, Тээврийн байгууллагуудад шуурхай зохион байгуулан хийж байна” гэв.
Б.Норовсамбуу