ДОРНОГОВЬ: Төрийн алба хаагчдын 45.8 хувь нь албан хэргийг хос бичгээр явуулахад бэлэн гэж хариулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-04 14:40:58

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуулийн холбогдох заалтуудад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хөтлөн явуулна гэж заасан.


Үндэсний статистикийн хороо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөл, Нутгийн захиргааны байгууллагууд хамтран 2024 оны 4 дүгээр сарын 2-18-ны хооронд цахим хуудсанд суурилсан асуулгаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын алба хаагчдын дунд албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд "Та бэлэн үү" гэсэн санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулжээ.


Тус судалгаанд Дорноговь аймгаас 2952 төрийн албан хаагч хамрагдсанаас улс төрийн 102, төрийн захиргааны 413, төрийн тусгай 125, төрийн үйлчилгээний 2312 албан хаагч  оролцсон байна. Санал асуулгад оролцсон Дорноговь аймгийн төрийн алба хаагчдын 45.8 хувь нь  “Тийм” гэж хариулсан бол үлдсэн 54.2 хувь нь “Үгүй” гэж хариулжээ.


Төрийн алба хаагч болон иргэдийн үндэсний бичгийн мэдлэг, чадварыг ахиулах сургалтыг аймгийн Насан туршийн боловсролын төвөөс тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны 10-11 дүгээр сард Хүнс хөдөө аж ахуйн газар, 11 дүгээр цэцэрлэг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газар сургалтад хамрагдаж байна.


Мөн өнгөрсөн есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 11 хүртэл хугацаанд төрийн 22 байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнуудад цахим бичвэрийн сургалтыг зохион байгуулжээ. 


Холбоотой мэдээ