СЭЛЭНГЭ: Хамгаалалтын ойн зурвас байгуулахаар 500 мянган навчит мод тарьжээ
ТЭРБУМ МОДСүхбаатар,
2024 оны аравнэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2024 онд “Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөний хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах чиглэлд
илүү анхаарч ажилласан байна.
Тухайлбал хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 элсний орчимд 50 га талбайд байгуулж, 500 мянган ширхэг навчит мод тарьсан байна.
Мөн бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу хавар, намар нийтийн эзэмшлийн талбайд 20 гаруй мянган мод тарьж, өнөөдрийн байдлаар 7.1 сая ширхэг модыг ойжуулалт, ойн зурвас, нийтийн эзэмшлийн талбайд тариад байна.
Түүнчлэн нийгмийн хариуцлагын болон хамтын ажиллагааны гэрээний дагуу томоохон компаниуд нөхөн сэргээлт, ойжуулалт, хамгаалалтын зурвас байгуулах ажилд идэвхтэй оролцож байна.
Тодруулбал, энэ онд Ерөө сумын Бугант тосгоны нутагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр “Жинжий майнинг” ХХК техникийн 770.7 га, Ерөө сумын Бугант тосгоны “Их өлөнтийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд 45 га-д дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийг хийжээ.
Мөн “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Инфинити Спэйс” ХХК компаниуд 13.4 га, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд хийгдсэн 1.7 км авто зам барих үйл ажиллагаа, карьерт ашигласан 13 га талбайг нөхөн сэргээсэн байна.
Түүнчлэн Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлд барих 120.85 км хатуу хучилттай авто замд ашигласан 26 ширхэг карьерт нөхөн сэргээлтийн ажлуудыг тус тус хийжээ.