Соёлын бүтээлч сарын аян үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос “Соёлын бүтээлч сар” аяныг энэ сарын турш орон даяар зохион байгуулж байна.
Соёлын бүтээлч сарыг “Эртний сайхан”
үзэсгэлэнгээр нээж, монголын түүхэн хүмүүс буюу их дагина Ц.Дондогдулам,
Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог, Орчин
цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч С.Буяннэмэх, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн
баатар, Дархан аварга Ж.Мөнхбат
нарыг онцолж, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, ухааныг хойч
үе, хүүхэд, залууст сургах, түгээхийг
зорьжээ.
Сарын турш орон даяар музей, мэргэжлийн урлагийн байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын төв, ордон нь үйл ажиллагааны онцлогт тулгуурлан тухайн орон нутаг, байгууллагаас төрсөн эрдэмтэн судлаач, нэр алдартай хүмүүсээ сурталчлан алдаршуулах юм. Мөн төвлөрсөн томоохон ажлууд хэрэгжүүлэхээс гадна соёлын өв, урлаг уран бүтээл, соён гэгээрэл, спортын хэлэлцүүлгийг цахимаар өрнүүлж, залууст зориулсан, салбарын ахмадуудад хүндэтгэл илэрхийлэх тоглолт, соёл, спортын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, соёл, спортын экспо, салбарын удирдах ажилтны зөвлөгөөн, “Соёлын бүтээлч сар”-ын нэгдсэн форум зохион байгуулна. “Соёлын өв”, “Урлаг-уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спортын” чиглэлээр үзэсгэлэн, урлагийн тоглолт, бүтээлч экспо, хэлэлцүүлэг, спортын уралдаан тэмцээн, бүх нийтийн боловсрол олгох оролцоот хөтөлбөр зэрэг хүүхэд залуус, иргэдэд зориулсан 2000 орчим үйл ажиллагааг “Өвлөн бүтээх өнөө ирээдүй” уриан дор өрнүүлэх юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын
бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихдаа “Соёлын эрхийн бичиг”-ийг
өсвөр насныханд олгохоор
тусган, БНФУ, ХБНГУ, БНСУ-д
хэрэгждэг сайн туршлагыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Ингэхдээ 16-18 насны 51 мянган хүүхдийг
соёлын эрхийн бичгээр “Соёлын бүтээлч сар”-ын турш зохион байгуулах
соёл, урлагийн үзэсгэлэн, үйлчилгээ, сургалтад хамруулж, цахим ном, сэтгүүл худалдан авах
боломж бүрдүүлэхээс гадна тандалт
судалгааг эхлүүлжээ.
Энэхүү сарын аян нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” тогтоол, “Соёлын тухай” хууль, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл урлаг, спортоор иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх, зорилготой. Иймээс тус аяныг 2021 оноос жил бүр зохион байгуулж, 5691 үйл ажиллагаанд 1.6 сая иргэнийг хамруулаад байгаа.