Н.Мөнхшүр, О.Ирмүүн нар оюуны олимпоос алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-08 10:22:18

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Оюуны олимп АНЭУ-ын Дубай хотод эхэллээ.


Тус тэмцээнд 35 орны 180 гаруй тамирчин өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 12 төрлөөр өрсөлдөж байгаа юм. Тэмцээнд манай улсаас 20 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа бөгөөд өчигдөр эхний хоёр төрөлд таван медаль хүртээд байна. Тодруулбал, “Хурдны хөзөр төрөлд Монгол Улсаас бага болон насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртэж, олимпын аваргатай боллоо. Насанд хүрэгчдийн ангилалд их мастер Н.Мөнхшүр 19.47 секундэд даалгавраа гүйцэтгэж алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол бага насанд О.Ирмүүн 37.8 секундээр алтан медаль хүртэв.


Түүнчлэн насанд хүрэгчдийн ангилалд Ц.Оюун-Эрдэнэ 20.62 секунд, Ц.Номин-Эрдэнэ, 22.05 секундээр мөнгө, хүрэл медаль зүүсэн байна.


Тэгвэл оюуны олимпын хоёр дахь төрөл болох цээж бодолтын Mental Multiplications буюу найман оронтой хоёр тооны үржвэрийг олох төрөлд Х.Анрилан мөнгөн медаль авлаа. Түүний хувьд 10 бодлогыг зургаан минутад алдаагүй бодсоноор байна.

Холбоотой мэдээ