БАЯНХОНГОР: “Өвлөн бүжье” уралдаанд 1000 гаруй хүүхэд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-11-08 11:47:52

Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Төв халхын нэрт бүжиг дэглээч, МУСТА Б.Дэлэгдорж агсны нэрэмжит “Өвлөн бүжье” өсвөрийн бүжигч, хүүхэд багачууд, бүжгийн багш нарын аймгийн уралдааныг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хөгжимт драмын театр хамтран зохион байгууллаа.

27 дахь удаагийн тэмцээний хамтлаг бүжгийг цэцэрлэгийн нас, 1-3, 4-6, 7-9, 10-12 дугаар анги гэсэн төрлүүдээр, гоцлол бүжгийн төрөл 4 насны ангиллаар хоёр шаттай зохион байгуулсан бөгөөд Б.Дэлэгдоржийн дэглэсэн уламжлалт бүжгүүд болон монгол үндэсний язгуур бий биелгээгээр өрсөлдсөн юм. Хүүхэд багачууд, өсвөр үе, залуу үедээ бүжгийн урлагийг өвлүүлэн хөгжүүлэх, бүжигч хүүхэд, хамтлагуудыг тодруулах, олонд таниулах зорилготой тус тэмцээнээс СТА Б.Дэлэгдоржийн нэрэмжит шагнал болох цом, эхний гурван байр, шилдэг багшийг шалгаруулжээ. Уралдаанд 20 сум, 30 сургууль, цэцэрлэгийн 1000 гаруй хүүхэд оролцсон байна.


ХХ зууны Монголын бүжгийн урлагийн нэрт төлөөлөгч, Төв халхын нэрт бүжиг дэглээч, МУСТА Балжирын Дэлэгдорж нь 1934 онд төрж, 1949 онд Театр урлагийн дунд сургуулийг төгсөөд улмаар Төв театрын бүжигчин болсноор хөдөлмөр бүтээлийнхээ гарааг эхэлжээ.


Б.Дэлэгдорж 1968 онд ЗХУ-ын Театрын урлагийн дээд сургуулийг бүжиг дэглэгчийн мэргэжлээр төгсөөд УАДБЧ, Говь-Алтай аймгийн АДБ-ийн Алтай чуулга, Баянхонгор аймгийн ХДТ-ын бүжгийн багшаар 30 гаруй жил тасралтгүй ажиллахдаа эх орны бүжгийн урлагт хувь нэмэр оруулж, урын санг арвижуулсан байна.

Холбоотой мэдээ