ӨВӨРХАНГАЙ: “Өв монгол угалз” цехийнхэн 28 төрлийн гутал үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын иргэн Г.Должинсүрэн 30 жил гутал үйлдвэрлэж байна. 1990-ээд оны хүнд цаг үед амьдралаа авч явахын тулд хажуу айлынхаа өвгөний монгол гутал хийхийг харж сурч байсан хэмээн тэрбээр хэллээ.
Улмаар 1994 онд анхны монгол, буриад гутлаа хийснээс хойш өнөөг хүртэл тасралтгүй гутал оёж, хэв загвар, тоо хэмжээг нэмэгдүүлсээр өдгөө 28 төрлийн монгол, европ гутлыг хүүхдүүдийн хамт үйлдвэрлэж байгаа юм. Өрхийн үйлдвэрлэлээ цех болгож, “Өв монгол угалз” хэмээн нэрийдсэн байна.
“Гутлыг дотор, гаднагүй цэвэр арьсаар хийж, ширээр уллаж, хонины нэхий, монгол эсгийгээр доторлодог, гар аргаар татаж оёдог учраас маш чанартай, удаан эдэлгээтэй болдог” хэмээн охин Ө.Заяа ярив. Сард багадаа 100 гутлын захиалга авдаг ч ажиллах хүч багатайгаас захиалгаа бардаггүй гэнэ.
Залуучуудыг зааж сургаад ажилд авдаг ч удалгүй шантраад явчихдаг бол гутлын үйлдвэрт ажиллаж байсан ахмад хүмүүс орчин цагийн гутлын загвар, тоноглолыг мэддэггүй, тоног төхөөрөмж дээр ажиллаж чаддаггүйгээс болоод ажлын хүч нэмэгдүүлж чадахгүй байгааг хэлж байсан юм.
“Өв монгол угалз” цех буриад, хром, тимберланд, адууны арьсан гутал, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн төрөл бүрийн арьсан гутал үйлдвэрлэн худалдаанд гаргаж байна. Сайн чанарын адууны арьсаар хийсэн гутал нь цаатан гутлаас дутахааргүй чанартай, үзэмжтэй байгааг хэрэглэгчид хэлдэг бөгөөд орон нутгийн брэнд гутал болоод байна.
“Хүүхдүүд маань миний энэ ажлыг өвлөөд үргэлжүүлэн авч явж байгаа нь миний хамгийн том бахархал юм. Охин оёдог, бага хүү оёхоос бусад бүх технологийг хийдэг” хэмээн Г.Должинсүрэн ярилаа.