Франц, Израилын шигшээ багуудын тоглолтыг Э.Макрон үзнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-11-11 10:49:01

ПАРИС, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /AFP/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Парис хотын "Стад-де-Франс" цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 14-нд болох Франц, Израилын хөл бөмбөгийн шигшээ багуудын тоглолтыг үзэхээр төлөвлөж байгаа тухай Agence France-Presse (AFP) агентлаг Елисейн ордон дахь эх сурвалжийг эш татан мэдээлжээ.  


Ийнхүү тэрбээр “өнгөрсөн долоо хоногт Амстердамд болсон тоглолтын дараа Израилын хөгжөөн дэмжигчдийн эсрэг хүлээн зөвшөөрч боломгүй халдлага гарсны дараа эв санааны нэгдлийн дохио илгээхээр төлөвлөж байна” гэж эх сурвалж хэлсэн байна. Харин Израилын эрх баригчид энэ тоглолтыг үзэхгүй байхыг иргэддээ зөвлөжээ. 


Францын хууль сахиулах байгууллагууд энэ тоглолтыг зохион байгуулахдаа аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авна гэж Парисын цагдаагийн дарга Лоран Нуньес өмнө нь “BFMTV” телевизээр мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр, цэнгэлдэх хүрээлэн болон түүний ойр орчмын газруудад 4 мянган цагдаагийн алба хаагч, 2500 жандарм хэв журам сахиулна. Тэднээс гадна, 1600 хамгаалагч цэнгэлдэх дотор ажиллах ажээ. Францад томоохон тоглолтуудын үеэр дунджаар 1300-аас илүүгүй хамгаалагч ажилладаг. 


Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Амстердам хотод орон нутгийн “Аякс” клуб, Израилын “Маккаби” багийн хооронд болсон тоглолтын дараа үймээн гарч, Израилын хөгжөөн дэмжигчид рүү халдсан байна. Палестиныг дэмжигчид байсан гэж таамаглаж байгаа хүмүүсийн халдлагын улмаас Израилын 10 орчим хөгжөөн дэмжигч шархдаж, бэртжээ. Хотын эрх баригчид онцгой байдлын тогтоол баталж, 11 дүгээр сарын 8-10-ны хооронд эргүүлийн хүн, хүчийг нэмэгдүүлж, жагсаал цуглаан хийхийг хориглосон байна. 

Холбоотой мэдээ