ХӨВСГӨЛ: Г.Ерэнтэй дархны урласан "Завьяа” төв музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-11-15 10:40:02

Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Далай Чойнхор вангийн нэртэй урчуудын нэг нь Гомпилын Ерэнтэй дархан юм. Тэрээр төмрийг цоолборлон сийлж, ширээн хатааж, өнгөлдөг байжээ.


Түүний урласан “Завьяа” Хөвсгөл аймгийн Төв музейд хадгалагдаж байна.


Г.Ерэнтэй дархны төмрөөр хийж, өнгөлсөн зүйлс ус чийгт зэвэрдэггүй, өнгөө алддаггүй байсан гэдэг. Түүний хийсэн хутгыг хээр гээчхээд жилийн дараа олоход өнгө нь хэвээрээ байсан гэдэг.


Тэрбээр төмрийг гагнаж эвлүүлдэггүй, цутгадаггүй, шууд сийлдэг, зэвэрч өнгөө алддаггүй болтол өнгөлдөг, ямар ч бүтээл нь бүтэн сийлбэртэй, төмрөөр мэтгэсэн хээ угалз нь утга санаа гүн, зөн бэлгэдэл баян, уран сэтгэмж төгөлдөр байдаг онцлогтой юм.


Түүний урлаж хийсэн хийсэн хутга нь ОХУ-ын Эрмитажийн музейн үзмэрийн санд байдаг ажээ.


Мөн Г.Ерэнтэй дархны урласан гарын тэмдэг, мөнгөн бойпор нь нарийн ур хийцтэйгээрээ дархлах урлагийн сор үзмэр бөгөөд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.


Энэхүү мөнгөн бойпор нь арслан, хангарьд, зээ бадын товгор дүрсийг бойпорын гурван хөл, хоёр бөөр, оосрынх нь гархины толгойд хөндийлөн сийлж, зоосон хээ, угалз, амьтны дүрсийг хөндий сийлж урласан нь урын хувьд төгс болжээ.



Монголчууд эртнээс эдүгээ хүртэлх он жилүүдэд хувь хүн, албан байгууллага, төрийн бус олон нийтийн байгууллага, хоршоо, хувиараа эрхлэх аж ахуй зэргийн албан хэрэгтээ дарах, зөвхөн оноосон нэртэй, тамга тэмдэглэгээтэй байжээ.


Гарын тэмдэг нь гарын үсгийн оронд хэрэглэх тэмдэг юм. Хуучин цагт ноёдын сүрэг малыг ялгах тэмдгийг тамга хэмээж, албат хамжлага ардын өмчийн малын таниулах дүрсийг тэмдэг гэдэг журамтай байжээ.

 



 

Холбоотой мэдээ