“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн долоо хоног эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн долоо хоногийг энэ жил ДЭМБ, ЭМЯ, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хамтран “Мэдлэг олгоё. Нөлөөлье. Яг одоо” уриан дор тэмдэглэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.
ДЭМБ-аас жил бүрийн 11 дүгээр сард “Бичил биетний тэсвэржилтийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн долоо хоногийг зохион байгуулдаг уламжлалтай. Хүн амын мэдлэг боловсролыг сайжруулах, бодлогын өөрчлөлт хийхийг уриалах, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулах зорилготой зохион байгуулдаг уг өдрийн нээлтэд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, эмэнд
нянгийн тэсвэржилт үүссэнээс хүний эрүүл мэнд, эмчилгээ, оношилгоонд хүндрэл учруулж байгаа нь хүн
төрөлхтөний хувьд зайлшгүй анхаарал хандуулах асуудлын нэг болоод байна.
Тиймээс нянгийн тэвсэржилт нь зөвхөн эрүүл мэндийн салбарынхны ярих асуудал биш
гэдгийг онцлов. Мөн хэрэв бид
уг асуудалд онцгой анхаарал хандуулахгүй бол 2050 он гэхэд 10 сая хүн нас барах
эрсдэл байна. Миний хувьд өнгөрсөн 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы
Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд зохион байгуулсан “Бичил биетний
тэсвэржилт”-ийн асуудлаарх өндөр түвшний уулзалтад оролцож, ДЭМБ -аас
дэвшүүлсэн “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх” санаачлагад Монгол Улсын
Засгийн газар нэгдэж, улс төрийн өндөр түвшний амлалтыг хэрэгжүүлэхийн
төлөө хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн талаараа дурдлаа.
Түүнчлэн бичил биетний тэсвэржилтээс сэргийлэхэд “антибиотикийн хариуцлагатай хэрэглээ” нэн тэргүүний арга хэмжээ юм. Манай орны хувьд бусад улс оронтой харьцуулахад антибиотикийн хэрэглээ хэт өндөр. Тиймээс цаашид антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгож хэвшүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх, хянах тогтолцоог сайжруулах, иргэдийн эмийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлж, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад бичил биетний тэсвэржилтийн тандалтын тогтолцоог бий болгох халдварын тархалтыг бууруулах цогц арга хэмжээг авч байгаа талаараа мэдээллээ.
Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг
хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь
саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм /ББЭЭ/
гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт /ББТ/ гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус,
шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ,
үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ. Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн
шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу,
буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил
биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэх
нь тэсвэржилт үүсгэдэг.
Бичил биетний тэсвэржилт нь яагаад дэлхий нийтийн анхаарлыг татсан
нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна вэ?
Амьдарч байгаа улс орон, нас хүйс, хэнийг ч харгалзахгүй антибиотик
болон бусад бичил биетний эсрэг эмэнд тэсвэржилт үүссэн нян, бичил биетнүүд дамжин
халдварладаг.
Бичил биетний тэсвэржилт нь зонхилон тохиолддог халдварыг
хүртэл эмчлэхэд хэцүү болгож байгаа ба өвчний үргэлжлэх хугацааг уртасгаж, улмаар бүрэн эмчлэгдэхгүй
болж, үхэлд ч хүргэх аюултай.
Халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх үр дүнтэй нян, бичил
биетний эсрэг эм байхгүй болох буюу үйлчлэхээ боливол эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын
үеийн хими эмчилгээ, чихрийн шижин болон олонтаа хийгддэг ерөнхий мэс заслын
үед ч өвчтөн өндөр эрсдэлтэй учрах юм.
Бичил биетний тэсвэржилтийн улмаас үйлчлүүлэгчийн хэвтэн
эмчлүүлэх хугацаа уртсах, эрчимт эмчилгээ шаардлагатай болох гэх мэтээр эрүүл
мэндийн салбарын зардал ихээр өснө.
Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд саад учруулах
эрсдэлтэй.
ДЭМБ-аас бичил
биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг,
хандлагыг дээшлүүлэхэд дараах зүйлд анхаарал хандуулахыг зөвлөж байна.
Иргэд юунд анхаарах вэ?
Антибиотик болон бусад бичил биетний эсрэг эмийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Бичил биетний эсрэг эмийг:
Эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй
байх
Эмчийн зааснаас өөрөөр буюу буруу хэрэглэхийг зогсоох
Томуу, томуу төст ханиад зэрэг вирүсийн гаралтай халдварыг антибиотик
эмээр эмчлэхгүй.
Хог хаягдлыг зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг
хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотик, бусад бичил биетний
эсрэг эмийн хэрэглээг багасгаж, улмаар эмэнд үүсэх тэсвэржилтийг бууруулна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юунд анхаарах вэ?
Бичил биетний эсрэг эмийг зөвхөн шаардлагатай үед,
эмчилгээний удирдамжийн дагуу жор бичиж, зөвхөн жороор олгох.
Бичил биетний эсрэг эмийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөх бүрдээ
буруу хэрэглэхийн аюул, эрсдлийн тухай
үйлчлүүлэгчид мэдээлэл өгч байх.
Хугацаа дууссан болон хэрэглээгүй үлдсэн бичил биетний эсрэг эмийг
нэн даруй устгаж байх.
Хариуцаж буй үйлчлүүлэгчидээ шаардлагатай дархлаажуулалтад хамруулж
байх.
Өөрийн гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах.
Халдварын хяналт, сэргийлэлтийг сайжруулах талаар бусадтай хамтран
ажилладаг байх.
Малын эмч болон мал амьтны эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд
ямар арга хэмжээ авах вэ?
Бичил биетний эсрэг эмийг зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй үед мал
амьтанд хэрэглэхийг зөвлөж, нян, бусад бичил биетний эсрэг эмийг
мал, амьтандаа хэрхэн өгч байгаа байдалд нь хяналт тавих.
Өвчинг зөв оношилж, тухайн өвчинд тохирох бичил биетний эсрэг эмийг
оновчтой сонгох.
Мал аж ахуй эрхлэгч, малчдад бичил биетний эсрэг эмийг буруу хэрэглэснээс "эмэнд тэсвэржилт" үүсдэгийг ойлгуулж, ухамсарлуулах. “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг жил бүрийн 11 сард дэлхий даяараа тэмдэглэдэг.
Энэ жилийн дэлхийн 7 хоногийг Эрүүл мэнд, Байгаль орчин, Хүнс
хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд болон ДЭМБ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн болон Дэлхийн
мал амьтны эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж байна.
Энэхүү долоо хоногийг хүн амын мэдлэг боловсролыг сайжруулах, бодлогын өөрчлөлт
хийхийг уриалах, яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг сануулах зорилготой
зохион байгуулдаг. Монгол Улсын
хувьд энэхүү компанит ажлыг “нэг эрүүл мэнд”-ийн хүрээнд олон салбарын хамтын
ажиллагааг бэхжүүлэх, улмаар бичил биетний эсрэг эмийг хүн, мал амьтан, газар
тариалангийн салбарт хэтрүүлэн буюу буруу, зохисгүй хэрэглэхийг зогсоох зорилготой
тэмдэглэж байна.
Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг
хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь
саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм /ББЭЭ/
гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт /ББТ/ гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус,
шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ,
үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ. Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн
шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу,
буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил
биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэх
нь тэсвэржилт үүсгэдэг.