Роллс Ройс компани цөмийн бичил реактор бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-20 16:31:42

ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 20/ft.com/. Их Британийн Rolls-Royce компани сансрын уудам, Сарыг судлан эзэмшихэд зориулж цөмийн жижиг реактор зохион бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд боломжит захиалагчидтай хэлэлцээ хийгээд эхэлсэн тухай  Financial Times сонинд мэдээлжээ.


Сүүлийн үед дэлхий даяар ихээхэн сонирхол татаж буй бага чадлын модуль реакторуудтай /SMR, ММР/ харьцуулахад цөмийн бичил реакторууд нь хамаагүй бага гаралтын чадалтай учраас ирээдүйд сансрын судалгаанд ашиглах боломжтой гэж үзэж байна. Rolls-Royce-ын цөмийн эрчим хүчний ба тусгай хөтөлбөрүүдийн удирдагч Жейк Томпсоны ярьснаар, ийм төрлийн реакторыг өгөгдөл боловсруулах төвүүд, алслагдсан суурин газрууд, уулын баяжуулах үйлдвэрүүдэд суурилуулах боломжийг судалж байгаа ажээ.   


Бичил реакторын технологийг боловсруулах судалгааны ажлыг гурван жилийн өмнө Их Британийн Сансрын агентлагтай хамтран эхлүүлсэн бөгөөд Rolls-Royce компани уг реакторыг пуужинд багтах жижиг хэмжээтэй болгохоор төлөвлөн ажиллаж байна. Реакторыг 2030-аад оны эхэнд зохион бүтээж бэлэн болгохоор төлөвлөжээ. Томпсоны ярьснаар, Сарыг судлах “Артемид” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буй АНУ-ын НАСА агентлагтай хэлцэл байгуулж чадсан нь британичуудын хувьд олзуурхууштай хэрэг юм.  


Файнэншл Таймс сонинд бичсэнээр, ОХУ ба БНХАУ 2033-2035 онд Саран дээр цөмийн эрчим хүчний төхөөрөмжүүдээ байрлуулж магадгүй байгаа ажээ. 2021 оны гуравдугаар сард Роскосмос ба Хятадын сансрын агентлаг Олон улсын сарны судалгааны станц байгуулахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хөтөлбөрийн хүрээнд Сар руу "Чанъэ-6", "Чанъэ-7", "Чанъэ-8" автомат станцуудыг илгээхээр төлөвлөсөн бөгөөд эхний нислэгийг 2026 онд хийж, 2028 онд хөтөлбөр дуусах юм.

 

Холбоотой мэдээ