Баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэрийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газар, АХБ баруун бүсэд хамтран хэрэгжүүлж байна. Үүнд:
- Алтай Улиастайн эрчим хүчний
системд 40.5 МВт-ын хүчин чадалтай нарны болон салхин цахилгаан станцуудыг
холбох, цэнэг хураагуурын станцуудыг барьж ашиглалтад оруулж байна.
- Улиастайн 5 МВт-ын нарны
станц барьснаар хоёр жилд 18 сая кВт цахилгаан эрчим хүч нийлүүлээд байна. Түүнчлэн:
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг
суманд 10 МВт нарны станц, Алтай суманд 0.5 МВт хосолмол систем, Хөвсгөлийн
Мөрөнд 10 МВт хүчин чадалтай нарны станц тус тус ажиллаж тогтмол эрчим хүч
үйлдвэрлэж байна.
- Ховд аймгийн Жаргалант сумын I цэцэрлэгийн барилгын дулаан хангамжийг 135 кВт-ын хөрсний дулааны насосын систем суурилуулж шийдсэн. Энэ нь нүүрсний хэрэглээ, нүүрс төрөгчийн ялгарлыг багасгасан байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл болж байна.
Төслүүдийн талаар зохицуулагч, инженер Б.Сугараас тодруулав.
Тэрбээр, Монгол Улсын
Засгийн газар, ЭХЯ-наас хэрэгжүүлж буй, Төвийн эрчим хүчний системээс
алслагдсан аймгуудад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх төслийн
хүрээнд АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр нарны станцуудыг барьж ашиглалтад
оруулж байна. Энэ нь эрчим хүчний хоёр дахь том эх үүсвэр болж, жилд 17.2 сая
кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн гаргаж% баруун бүсийн иргэдийг цэвэр,
цахилгаан эрчим хүчээр хангаж эхэлж буйг онцоллоо.
-Баруун бүсэд газрын доор,
гүний дулааныг ашиглаж байгаа технологийн талаар танилцуулна уу? Эрчим хүчний
шинэ эх үүсвэр гэдгээр онцлог нь юунд оршиж байна?
-Ер нь газрын хөрс доошлох
тусам дулаан байдаг. 2-3 км өрөмдөх тусам илүү дулаан, халуун байдаг. Нэг
ёсондоо хөрсний энерги өөрөө нэмэх 2-5 градус дулаан байдаг юм. Гэхдээ хөрс
өөрөө дулааныг ялгаруулж, шингээж хадгалдаггүй. Тиймээс дулааныг нь сорж авдаг.
Нэг ёсондоо дулааныг шингээдэг биетийг газрын гүн рүү оруулдаг. Биетүүд нь дулааныг
шингээж, дараагийн шингэнэ рүү орж, тодорхой температурт буцалдаг. Энэ нь дулааныг
шахаж, соруулах даралтаас ихээхэн хамаардаг. 40-50 хэмд нягтруулсан дулааныг
барилгын халаалалтад ашиглаж байна. Ер нь бол анхны өртөг, зардал, хөрөнгө
оруулалт их байдаг.
-Гэхдээ уламжлалт, хүрэн
эрчим хүчийг халж буйгаар ач холбогдолтой байх. Тиймээс энэ технологийг яаж
боловсронгуй болгох вэ?
-Манай улсад газрын гүний
дулааныг нэлээн ашиглаж байгаа. Нийслэлд “АСЕМ вилла” болон Дөлгөөн нуур,
Ногоон нуур орчмын орон сууцны хороололд болон Төв аймагт хэрэглэж байна. Зарим
газраа тогтвортой ажиллаж байна. Гэхдээ манай нөхцөлд хөлдөх зэргээр эрсдэл ихтэй
байдаг. Бид баруун бүсэд туршилтын журмаар хэрэгжүүлж байна гэв.
Баруун бүсээс гадна АХБ
Монгол Улсын Засгийн газар хамтран нийслэлд “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том
чадлын хуримтлуур” төслийг хэрэгжүүлж байна. Нийт 114.95 сая ам.долларын
өртөгтэй уг төслийг задалбал:
- 100 сая ам.доллар АХБ-ны
хөнгөлөлттэй зээл,
- 3.0 сая ам.доллар АХБ-ны
тусламж,
- 11.95 сая ам.доллар Монгол
Улсын Засгийн газар шийдвэрлэжээ.
Том чадлын хуримтлуур төслөөр оргил ачааллын үед нийслэлд 20 мянга орчим өрх айлыг цахилгаан эрчии хүчний хязгаарлалтаас сэргийлэх аж.
Дээрх төслөөр 2023 оны 12
дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд эрчим хүч үйлдвэрлэн
Сонгино дэд станцад буюу уг станцаар дамжуулан төвийн эрчим хүчний системд 51,1
сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг нийлүүлээд байна. Энэ оны мөн 12 дугаар сард
бүрэн ашиглалтад орох талаар “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын
хуримтлуур” төслийн зохицуулагч М.Наранбат мэдээлллээ.
80 МВт/200 МВт.ц-ын хүчин чадалтай эрчим хүчний хуримтлуурын системийг суурилуулах, ашиглах “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн байршил нь нийслэлийн СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр юм.