СЭЛЭНГЭ: Шинэчлэн баталсан журмын хүрээнд энэ удаагийн тангараг өргөх ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Төрийн
албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь Салбар зөвлөлөөс Төрийн жинхэнэ албан
хаагчийн тангараг өргүүлэх ёслолыг өнөөдөр
зохион байгууллаа.
2024 оны байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд
нийт 203 байгууллагад 6759 албан хаагч ажиллаж байна. Эдгээр
албан хаагчдын
бүрэлдэхүүнд шинээр орсон 15 байгууллагын 31 төрийн албан хаагч өнөөдөр
тангаргаа өргөлөө.
Ёслолын үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь
Салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог,
Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь Салбар зөвлөлийн нарийн бичгийн
дарга, гишүүд оролцов.
Монгол Улс 1992 онд шинэ үндсэн хуулиа баталж, 1994 онд Төрийн албаны
тухай бие даасан анхны хуулийг батлан хараат бус бие даасан Төрийн албаны төв байгууллага
1995 онд байгуулагдсан байна.
2019 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд
заасны дагуу төрийн захиргааны албан тушаалд анх удаа хууль, журмын хүрээнд
томилогдон ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг тангараг өргүүлэхээр
заасанчлан тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны
84 дүгээр зарлигаар шинэчлэн баталжээ.
Шинэчлэн баталсан журмын хүрээнд энэ удаагийн тангараг өргөх ёслол
боллоо.