ӨВӨРХАНГАЙ: Папиллома вирусний вакцинд 2368 хүүхдийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-28 09:38:41

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хүний папиллома вирусний вакцины дархлаажуулалт өнөөдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Боловсролын газраас иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө.


Хүнд өвчлөл үүсгэдэг 200 гаруй хэв шинжийн папиллома вирус байдаг. Эдгээр вирус нь насанд хүрсэн хүний ам, залгиур, хоолой, толгой хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтэн, шулуун гэдэс зэрэгт хортой, хоргүй хавдар, үү, ургацаг үүсгэдэг байна.


Умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны 99.7 хувь нь хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирусний халдвараас шалтгаалдаг болохыг тогтоосон. Иймд бэлгийн харьцаанд орохоос өмнөх насанд уг вакциныг хийснээр ирээдүйд энэ төрлийн халдварыг багасгах, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилготой юм.


Энэ жил Өвөрхангай аймгийн хэмжээнд 2013 онд төрсөн, 11 настай 2368 хүүхэд, ирэх онд 2443 хүүхэд папиллома вирусний вакцинд хамрагдана. Вакцинжуулалтыг сургуулийн орчинд зохион байгуулах ба эрүүл мэндийн байгууллагад дархлаажуулалтын кабинет ажиллуулж, вакцинаас хоцорсон болон сургуульд суралцдаггүй хүүхдүүдийг нөхөн вакцинжуулна.


Өвөрхангай аймагт 100 мянган эмэгтэйн 25.4 хувь нь энэ халдвараар өвчилж байгаа ба ихэнхдээ хүнд шатанд орсон, эмчлүүлэх боломж багассан үед эмнэлэгт хандан оношлуулж байгааг БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Д.Болормаа ярилаа. 

Холбоотой мэдээ