М.Рэгми: Нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаанд шилжүүлэх үйл явцыг хурдасгах нь чухал байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-11-28 15:36:05

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Тээврийн хэрэгсэл, тэр дундаа нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан тээвэрт шилжүүлэх, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх нь дизелийн түлш, автобензин зэрэг шатахууны хэрэглээг багасгаж, нефтийн бүтээгдэхүүнээс хамаарахгүй байх, хүлэмжийн хийг бууруулж, иргэд агаарын бохирдолгүй, ая тухтай зорчих зэргээр олон талын ач холбогдолтой юм.  


Энэ талаар МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд өнөөдөр болсон “Цахилгаан тээвэрт шилжих чиг хандлага” үндэсний семинар, уулзалтаар ярилцлаа. НҮБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн Нийгэм, эдийн засгийн комисс ЗТЯ-наас зохион байгуулсан уулзалтад нийтийн тээврийн “Зорчигч тээвэр-2” болон “Моннис Мотор” зэрэг компанийн удирдлага, төлөөлөл оролцож Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлж буй талаар танилцууллаа.




Нийслэлд өнөөдрийн байдлаар нийт 1.4 сая тээврийн хэрэгсэл байгаагийн 1690 нь цахилгаан байна. Анх манай улсад 1987 онд нийслэл Улаанбаатар хотод троллейбус явж эхэлснээр цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байв.

Өнөөдөр нийслэлд 10 троллейбус хөдөлгөөнд оролцож байна. Ингэж цөөрч, зогсонги байдалд орсон нь дэд бүтэц хуучирч, парк шинэчлэл хийгээгүй явж ирсэнтэй холбоотойг “Зорчигч тээвэр-2” орон нутгийн өмчит аж ахуйн нэгж (ОНӨААН)-ийн техникийн хэлтсийн дарга О.Лувсандагва мэдээллээ.



Тус компани өнөөдрийн байдлаар нийсэлийн нийтийн тээвэрт цахилгаан 35 автобус, хоёр давхар 10 цахилгаан автобусаар үйлчилж, 8 шинэ автобусыг туршиж байна. Туршилт амжилттай явагдаж байгааг танилцуулав. Туршилтад цахилгаан автобусны цэнэглэх станц, батерейн хадгалалт, өвлийн халаалалт, шугам, өртөө зэрэг дэд бүтцийг хамруулж буй аж.




Уулзалт семинарт оролцогч нар Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлж хэрэгжүүлэх Үндэсний хэмжээний бодлого шаардлагатай байгааг хэлэлцлээ. Уг бодлогын үндэс, хэрэгжүүлэх үндсэн чиглэл, стратегийн төслийг эцэслэн боловсруулах нь дараагийн том үйл явц болох талаар тохиролцлоо. Энд бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд ЗТЯ болон хувийн хэвшил, судалгааны байгууллагын мэргэжилтнүүд, инженерүүдийн оролцоо хувь нэмэр чухал гэдгийг ярилцлаа.




Цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх Үндэсний хэмжээний бодлогыг эцэслэн боловсруулах нь дараагийн том үйл явц болох талаар тохиролцлоо.


НҮБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн Нийгэм, эдийн засгийн комиссын Тээврийн хэлтсийн дарга Мадан Бандху Рэгми уулзалтын хүндэт зочноор оролцож үг хэлэхдээ, “Эрчим хүчний шилжилтийн нэг хэсэг нь тээврийн хэрэгслийг цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх явдал юм” гэдийг онцолж, Ази, номхон далайн бүс нутагт ялангуяа нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан хөдөлгөөнд шилжүүлэх үйл явцыг хурдасгах нь чухал байгааг дурдлаа.




Нэмж тодруулахад, Монгол Улс Хөгжлийн урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” баримт бичигт “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна” гэж тодорхойлсон юм.

Ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглэгээг нэмэгдүүлэх цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх станцыг байгуулах талаар судалж, шийдлийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг ханган ажиллах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 108 дугаар захирамжийн дагуу Зам, тээврийн сайдаар ахлуулан ажиллаж байна.

Ажлын хэсгээс цахилгаан автомашины хэрэглэгээг 2024-2026 онд нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Зам, тээвэр, Сангийн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Эрчим хүчний сайд нар хамтран баталж хэрэгжүүлж эхлээд байна.

Цахилгаан тээврийн хэрэгсэлд эко дугаар олгон хэрэглээг хэдийгээр нэмэгдүүлэх бодлогыг баримтлаж байгаа ч хэдий ч өнөөгийн эрчим хүчний сүлжээ, хангамжийн байдлаас дээрх төлөвлөгөөнд тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд  хүндрэл үүсэж байгааг өнөөдрийн уулзалтаар мөн хөндлөө.

Түүнчлэн багтаамж ихтэй нийтийн тээвэр болох метро, хөнгөн галт тэргийг нэвтрүүлсэн олон улсын туршлагыг хуваалцаж байна.

Холбоотой мэдээ