БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засах тухай” номын хоёр дахь ботийг монгол хэлээр хэвлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-02 17:18:40

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичсэн “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” болон “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” хэмээх хос номын нээлт Гадаад харилцааны яаманд боллоо.


Энэхүү ёслолыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл, мэдээллийн алба, Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам тэргүүтэй байгууллагууд хамтран зохион байгуулав. “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номыг хятад судлаач, орчуулагч М.Чимэдцэеэгээр ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг орчуулсан бөгөөд эхний ботиосоо таван жилийн дараа монгол хэлээр уншигчдын хүртээл болж байгаа нь энэ.


Орчуулагч М.Чимэдцэеэ ярихдаа “Энэ бол ном бол дөрвөн цуврал боть юм. Дэлхийн 42 орны хэлээр орчуулж, 180 орчим оронд тархсан ном. Монгол Улсын хувьд таван жилийн өмнө анхдугаар ботийг хэвүүлж гаргасан байдаг. Харин өнөөдөр хоёр дахь нээлтээ хийж байна. Номын утга агуулга нь өргөн хүрээтэй. Ши Жиньпин даргын уулзалт, ярилцлага, лекц, илтгэл, зааварчилгаа зэргийг багтаасан. Тухайлбал, дэлхий ертөнцийн хөгжил цэцэглэлт, улс орнуудын эв найрамдалтай зэрэгцэн орших олон соёлын тухай, дэлхийн ногоон хөгжлийн тухай дурдсан. Монголчуудын хувьд уг номноос Хятадын төрийн бодлогыг таньж мэдэх, хөрш орнуудын харилцааг гүнзгийрүүлэхэд энэ ном чухал үүрэг гүйцэтгэнэ. Яагаад гэвэл энэ номонд хөрш орнуудтай харилцах бодлогыг тодорхой тусгаж өгсөн” гэв.


М.Чимэдцэеэгээр ахлуулсан Монголын шилдэг орчуулагчдын баг уг номын анхны ботийг таван жилийн өмнө буюу 2019 онд монголчуудын хүртээл болгож байсан. Тэгвэл хоёр дахь ботийг 2022 онд орчуулж, хяналтад шилжүүлсэн нь өнөөдөр уншигчдын гар дээр очжээ. Харин гурав дахь цуврал ботийг орчуулж, Хятадын талд хянуулахаар хүлээлгэн өгсөн бол дөрөв дэх ботийг орчуулах ажил 40 хувьтай яваа аж.


Харин хятад судлаач, орчуулагч Ч.Баатархүү “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” номыг бие даан орчуулсан байна. Тэрбээр “Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монголын орчуулагч нар хоёр ном орчууллаа. Уг номыг нэг жилийн хугацаанд орчуулаад, Хятадын талд хянуулахаар өгсөн нь өнөөдөр эцсийн бүтээгдэхүүн болж уншигчдын гар дээр ирж байна. Ном маань зургаан бүлэгтэй, 200 нүүртэй бөгөөд улс төрийн онолын чиглэлтэй, ядуурлыг бууруулах ажлын туршлагыг харуулсан бүтээл юм. БНХАУ-ын ядууралтай тэмцэх арга тэмцлийг илүү их бичсэнээрээ онцлогтой” хэмээн ярилаа.


Түүнчлэн номын нээлтийн үеэр “Төр улсыг засах тухай” сэдэвт Хятад-Монголын хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. 



Холбоотой мэдээ