Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-12-03 15:42:05

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.


Хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал төслийн нэгдүгээр зүйлийн 32.15 дахь хэсгийг “энэ хуулийн 321.1-д заасан төсвийн төслийг УИХ ажлын 7 хоногт багтаан, аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ дээд шатны төсөв баталснаас хойш ажлын 5 хоногт багтаан хэлэлцэж, дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө батална” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжлээ.


Харин УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас төслийн нэгдүгээр зүйл буюу 321.1 дүгээр зүйлийн 321.2, 321.3 дахь хэсгийн “нэгдсэн” гэснийг  хасах, мөн 321.1 дүгээр зүйлийн 321.4 дэх хэсгийн “8.4, 8.5 дахь хэсэг” гэснийг “8.4, 8.5 дахь хэсэгт заасан хугацаа” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.


Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ