Л.Чагсалдулам: Сумынхаа дэлгүүрүүдэд өдөрт 100-150 ширхэг талх нийлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-12-04 12:58:26

Чойбалсан, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Л.Чагсалдулам гэх энэ бүсгүй сүүлийн найман жил Баяндун сумандаа талх, хэрчсэн гурилын цех ажиллуулж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.




-Сайхан өвөлжиж байна уу?

-Өвөлжөө тавлаг сайхан байна. 


-Сумандаа талхны цех ажиллуулаад хэр удаж байна? Хэдэн төгрөгөөр худалддаг вэ?

-Найман жил үйлдвэрлэл явуулж байна. Талхнаас гадна хэрчсэн гурил бэлтгэж сумынхаа 10 гаруй дэлгүүрт 2900 төгрөгөөр нийлүүлдэг. Тав дахь өдөр хичээл сургууль амармагц малчид хүүхдүүдээ авахаар суманд орж ирэх үеэр 150 ширхэг талх хийнэ. Бусад үед 100 ширхгийг нийлүүлдэг. Хэрчсэн гурил ч мөн адил. Сумынхныгаа өглөө цайгаа уухад нь л шинэ халуун талх ширээн дээр нь байгаасай гэж хүсдэг дээ.


-Хэдүүлээ ажиллаж байна? Цаашид хэрхэн өргөжих төлөвлөгөөтэй вэ?

-Хоёулаа ажилладаг. Зуны улиралд үүрээр 4.00 цагт, өвөл бол 3.00 цагт л ажилдаа ирж, талхаа хийж өглөө эрт дэлгүүрүүдэд түгээдэг. Одоогоор манай цех түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид өөрийн гэсэн цехтэй болж, талх, гурилаас гадна олон төрлийн нарийн боов хийх зорилготой.


-Ер нь хөдөө суманд хувийн бизнесээ хийж ажиллаж амьдрахад хэр зэрэг боломжтой, таатай санагддаг вэ?

-Хүн өөрөө л зүтгэж хөдөлмөрлөж чадах юм бол хаа ч сайхан ажиллаж амьдарч болно шүү дээ. Би өмнө нь цэцэрлэгийн тогоочоор ажилладаг байлаа. Нэг өдөр л зориглоод ажлаасаа гарч хувиараа талх барьж, зарж эхэлсэн. Эхний үедээ амар байгаагүй ээ, шантармаар, буруу ч юм хийчихэв үү дээ гэж бодох үе гарна шүү дээ. Чигээрээ зүтгээд байхад ямар ч байсан юманд хүрнэ. Түүнээс суманд байна уу, хотод байна уу гэдэг гол асуудал биш шиг санагддаг.


-Буриад талхны онцлог, хийх аргачлал өөр үү?

-Цехэд буриад олон талх хийх, гэртээ талхаа барих аргачлал ерөнхийдөө адил. Буриадууд гэртээ талхаа барихдаа модоор хийсэн хөнөгөндөө хөрөнгөө зуурч, давс, ус хийнэ. Ер нь талхны хөрөнгөнд их учир бий. Буриад айлууд хүйтний улиралд хөрөнгөө хөлдөөнө, халууны үед хатаагаад орхидог. Тэр маягаар яг өөрийн өрх гэрийн хөрөнгөө олон арван жил хэрэглэх нь ч бий. Талх зуурахынхаа урд орой эх нь бага байх юм бол гурил хийж арвижуулаад орхино. Тухайн ам бүл цөөхүүлээ бол талхаа жижиг хэмжээгээр хийж, ойр ойрхон шинэ талх идэхийг чухалчилна. Олуулаа бол талхаа том хэмжээтэйгээр хийх жишээтэй. Талхаа жигнэж болгоход гал тун чухал учраас хар модоор галаа тохируулдаг. Нарс, улиас модоор галлахад үнс нь бага, хурдан шатдаг учраас тийм ч тохиромжтой биш. Листээ тослоод бэлдсэн зуурмагаа хийгээд талхаа жигнэнэ дээ. Ерөнхийдөө ийм дарааллаар буриад талх бэлэн болдог.

-Баярлалаа. Амжилт хүсье. 







Холбоотой мэдээ