ХӨВСГӨЛ: Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 83.2 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 12 дугаар хуралдаан болж өвөлжилтийн бэлтгэлийн талаар болон анхаарах асуудлын талаар ярилцлаа.
Тус аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 83.2 хувьтай байна. Өвс тэжээлийг Тариалан, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумууд хангалттай сайн бэлтгэсэн.
Өвс тэжээлийг хангалтгүй буюу 50-иас доош хувь бэлтгэсэн Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Жаргалант, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл, Улаан-Уул, Ханх, Хатгал, Цагааннуур зэрэг сумууд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр хэллээ.
Өнөөдрийн байдлаар малчид 141,9 мянган тонн өвс, 188 тонн сүрэл, 228 тонн үйлдвэрийн тэжээл, 1671 тонн ногоон тэжээл бэлтгэсэн дүн мэдээтэй байна.