Л.Баттөр: 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 2022 оны тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлэг үзлэгийг эхлүүлсэн. Өнөөдөр эрт илрүүлгийн талаарх хэлэлцүүлэг, уулзалт АШУҮИС-ийн хурлын танхимд болов.
Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд улсын хэмжээнд 1.5 сая хүн хамруулсан бөгөөд энэ нь хамрагдвал зохих нийт хүн амын 45.8 хувийг эзэлж байна. Хамрагдсан иргэдийн 43.6 хувь нь эрэгтэй, 56.4 хувь эмэгтэйчүүд ажээ. Байршлаар нь харуулбал, 50.5 хувь нь Улаанбаатарт, 49.5 хувь нь орон нутагт оршин сууж байна.
Үзлэгт хамрагдсан иргэдийн 38 хувь нь эрүүл, үлдсэн хувь нь эрүүл мэндийн ямар нэгэн өөрчлөлттэй гарчээ. Улмаар өөрчлөлт илэрсэн иргэдийн 54 хувийг эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэж, үлдсэн 36 хувийн оношийг баталгаажуулахаар шинжилгээнд илгээсэн байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр ярихдаа, “1990-2019 оны нас баралтын тоон мэдээллийг харьцуулахад, зүрх судасны өвчлөл, хорт хавдар тэргүүлж байна. Үүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл нь хүний дадал, ёс заншил, агаарын бохирдол. Бид олон судалгааг уялдуулж судлах шаардлагатай. Эрт илрүүлгийн судалгаагаар олон асуумж авч, судалсан ч үндэсний хэмжээнд хийдэг олон судалгаатай уялдуулах шаардлагатай. Тамхи, архины хэрэглээ, илүүдэл жинтэй болон жин багатай иргэдийн тоо нэмэгдсэн байна. Өвчлөлийн тоон мэдээллийг энэ бүхэнтэй холбож, судлах зайлшгүй шаардлагатай. Эрт илрүүлгийн судалгаагаар 6-14 настай хүүхдүүдийн дунд сэтгэцийн асуудал тулгамдаж байна. Шүд цоорол гурван хүүхэд тутмын хоёрт нь байна. Насанд хүрсэн 440 мянган хүнээс 68.7 хувь нь артерын судас хатуурах эрсдэлтэй гэсэн дүн гарсан. Дурангийн шинжилгээнд хамрагдсан 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй байна. Артерын даралтын эм уудаг хүн нийт хүн амын 15 хувийг эзэлж байна. Үлдсэн хувь нь эмээ тогтмол уудаггүй, хяналтад байдаггүй. Ийм учраас нас баралт өндөр байхаас аргагүй” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн “Элэгний В вирусийн сэжигтэй тохиолдлын 10 хувийг 18-30 насны хүмүүс эзэлж байна. Вакцинжуулалтыг 1990 оноос хийж эхэлсэн. Гэтэл 1992 онд төрсөн хүмүүс вакцинжуулалтад хамрагдсан ч сэжигтэй тохиолдлоор илрээд байгаа нь вакцины дархлаа тогтцын асуудал байгааг харуулж байна. Түүнчлэн судалгааны хүрээнд сүрьеэгийн өвчлөлтэй 137 хүнийг илрүүлсэн. Бид энэ өвчинтэй 100 жил тэмцээд дийлэхгүй байгаа нь эрсдэлт хүчин зүйлээ бууруулахгүй байгаатай холбоотой” хэмээлээ.
Тэгвэл Эрүүл
мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Иргэн бүрийг хоёр
жил тутамд эрт илрүүлэгт оруулах байдлыг хэвшүүлэхээр бодлогодоо тусгасан. Бид
эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнтэй байнга танилцаж, хөтөлбөрийг шинэчилж
байсан. Багц шинжилгээний төлбөрийг нас насны ангиллаар 20-60 хувь нэмэгдүүлсэн. Тухайлбал, 18-30 насны иргэдийн багцын төлбөр
60 мянга байсныг 2023 онд 90 мянган төгрөг болголоо. Мөн 46-60 насны багцын
төлбөрийг 200 мянга хүртэл нэмсэн. Товлолын хувьд, судалгааны үр дүнг үндэслэн
хүүхдийн эрт илрүүлгийн оношилгоо шинжилгээг нэмсэн. Эрт илрүүлэг
эхлүүлэхийн өмнө бэлтгэл хангаж, улсын хэмжээнд 3000 эмчийг зургаан сэдвээр
11 удаа танхим болон цахимаар хамруулсан. Мөн 21 аймаг, таван дүүрэг, гурван
төрөлжсөн эмнэлэгт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулсан” гэлээ.