ОРХОН: Эрдэнэт хотын өдрийг 7 дахь жилдээ тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 11-нийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсны дагуу энэ жил долоо дахь жилдээ тэмдэглэнэ.
Эрдэнэт хотыг анх байгуулж байх үед 1655 өрхийн 7.8 мянган хүн амтай байсан бол 2024 оны байдлаар Орхон аймгийн хүн ам 109.800 гаруй болсон байна.
Энэ үзүүлэлтээрээ улсын хэмжээнд Улаанбаатарын дараа хоёрдугаарт хүн амын жилийн дундаж өсөлт 2,2 хувь бөгөөд нийт хүн амын 63,9 хувийг залуучууд эзэлж байна. Аймгийн хүн амын 64 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 95,2 хувь нь хөдөлмөр эрхэлж, нийт иргэдийн 53 орчим хувь нь орчин үеийн тохилог орон сууцанд амьдарч байна.
“Эрдэнэт хотын өдөр”-өөр Эрдэнэтийнхэн төрөлх хотоороо бахархах, түүх, соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдад “Эрдэнэт хотын түүх”-ийн хичээл орж, үзвэр үйлчилгээг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр болгон үйлчилж ирсэн юм. Анх 1975 оны 12 дугаар сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын харьяалалтай хот болгох шийдвэр гарч байснаар ийнхүү хотын нэрэмжит өдөр болгон 2017 оноос эхлэн тэмдэглэж байна.