А.Эрдэнэхүү: Залуучууд ерөөл сайн дуудаж сурах ч үгийн баялаг, ойлголт тааруу байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-12-11 14:40:10

Арвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөөмий бол нүүдэлчин монголчуудын бий болгосон, оргүй хоосноос хөг аялгуу үүсгэдэг соёлын гайхамшигт төрөл юм. Хөөмийн урлаг нь Ховд аймгийн Чандмань сумаас үүссэн гэж үздэг. Харин Төв Халхын хөөмийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлсэн цөөн хүний нэг нь Хархорин сумын уугуул, өвлөн уламжлагч ерөөлч, хөөмийч А.Эрдэнэхүү юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Та хөөмийг анх яаж сурч байсан бэ?

-Бага насандаа хөдөө мал маллаж яваад Дэлхийн залуучууд, оюутны наадмаас хүрэл медаль авсан алдарт хөөмийч Г.Чимэддорж гуайн хөөмийлөхийг Монголын радиогоор сонсоод “Энэ хүн шиг дуугарч суръя” гэж бодож, оролдож эхэлсэн. “Хонинд явахдаа дандаа хачин дүнгэнэж байх юм” гээд ахдаа загнуулдаг байлаа.

Тэр үед соёл урлагийн наадам их болдог байж. Эрээн даавууны баяр хүртэл болно. Хөөмий сурчихаад наадам бүрд оролцож, хөөмийддөг байсан. 1981 онд анх Холбоочдын урлагийн наадамд оролцон алтан медаль авч,1991 онд амжилтаа бататгаж байв. 1993 онд ХБНГУ-д хөөмийч Г.Чимэдорж гуайтай хамт ерөөл, магтаал, хөөмийн урлагийг сурталчлах соёл урлагийн үйл ажиллагаанд оролцож байлаа. Ер нь хөөмийг сурталчлах зорилгоор гадаадын олон оронд очсон доо.

Ерөөл, магтаалыг нутгийнхаа ерөөлч, магтаалч Довдон гуайг даган дуурайх маягаар сурсан.



-Хөөмий дотроо олон төрөл зүйл байдаг. Та аль төрлөөс нь сурсан бэ?

-Ерөнхийдөө хөг аялгуугаар нь янз бүрээр нэрлэдэг юм. Миний хувьд хамар нармайн хэсгээр, хэл, тагнай хоёр давхар, цээжний болон цохилттой гэх дөрвөн аргаар хөөмийлдөг. Дээхэн үед хөөмийн урлагийг эзэмшсэн хүн цөөн байсан. Хүмүүс ямар дуу хөөмийлөв гэхгүй, хаагуураа яаж дуугарч байна вэ гэдгийг илүү сонирхож, ам ангайлгаж, толгойн дээр хүртэл дарж үздэг байлаа. Одоо бол хөөмийчид ч олон болсон, хүмүүс ч хөөмийн учрыг нь мэддэг болж.


-Та гадаадад хөөмийн урлагийг сурталчилсан гэлээ. Аль орнуудаар явж байв, яаж олонд түгээн дэлгэрүүлдэг байсан бэ?

-Төв Халхын хөөмийг би анх сурталчилж, таниулсан гэж боддог юм. Хөөмийн урлагийг хамгийн их хөгжүүлсэн газар нь Ховдынхон байдаг. Бүх гавьяат тэндхийх. Би энд тэнд уралдаанд очихоор ганцаараа юм шиг л байдаг байсан.


Хархорин суманд гадаад, дотоодын олон жуулчин ирдэг болохоор жуулчдад зориулж “Эрдэнэзуу” гэх хамтлаг байгуулаад тоглолт хийдэг байсан. Энэ маань цааш дамжиж явсаар Голландад дөрөв, Германд хоёр, Японд хоёр удаа тоглолт хийсэн.


Гадаад орнууд төлөвлөгөө гаргаад урьдчилан бэлдчихсэн байдаг болохоор эмнэлэг, цэцэрлэг гээд тоглоогүй газар ховор. Хөдөө мал дээр байхад хүртэл ирж хөөмийлүүлж үзээд шууд урилгаар аваад явдаг байлаа. Гадаадад тоглолтоор явахдаа Р.Даваажав, н.Эрдэнэчимэг, М.Даваасамбуу гээд олон сайн хөөмийчтэй хамт явсан.


-Хөөмийн урлагийг дэлхийн олон оронд сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан авьяастан бол МУСТА С.Зулсар. Нэг нутгийн улс болохоор та түүнийг таних байх?

-Танилгүй яахав. Мундаг хөөмийч байсан. С.Зулсар Америк руу гараад би Голланд яваад хоорондоо уулзаж чадаагүй. Үнэхээр харамсалтай.


-Одоо залуучууд хөөмийн урлагийг хэр сурч байна вэ? Та бас гадаад хүнд зааж байв уу?

-Хүүхэд, залуучууд сайн сурч байна. Гэхдээ цааш нь хөгжүүлдэггүй. Овоо зүгширч ирэнгүүтээ оюутан болж яваад л орхичихдог. Нэлээн хэдэн хүүхэд сургасан ч энэ язгуур өв соёлоо тээж авч явах нь цөөн байна.

Франц улсын иргэн Жон хөөмий сурах сонирхолтой байхаар нь зааж өгсөн. Ардын дууг сайн хөөмийлж сурсан. Мөн нэг голланд залууг сургасан.



-Хөөмий сурахад юу шаардагддаг вэ?

-Байгалиасаа хөөмийлөх авьяастай, хөөмийн түрлэг, шахалтыг хийх дотор тамиртай байж хөөмийг сурна.


-Та ерөөл, магтаалаар энд тэнд хэр уригддаг вэ?

-Манай ард түмэн гүү барих, эсгий хийхээс эхлээд гэр, байшин барих, хурим найр хийх гээд бүх л ёслолын үйл ажиллагаанд өөрсдөө ерөөл, магтаалаа хэлж заншсан улс. Тийм болохоор хамгийн эрэлттэй нь ерөөл, магтаал юм. Голдуу шинэ байшин болон гал голомтоо тусгаарлаж байгаа залуу хосуудын шинэ гэрийн найранд уригдаж ерөөлөө дууддаг.


Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд гурван удаа оролцож, олон зүйл сурсан. Миний хувьд голдуу өөрөө зохиож бичсэн ерөөлөө дууддаг. Ерөөл, магтаалаа Монголын радиогийн алтан фондод бичүүлсэн. Өөрийн зохиол бүтээл, сурч мэдсэнээ эмхэтгэн ном болгож, хойч үедээ өвлүүлэхийг зорьж байна.


Залуучууд ерөөл сайн дуудаж сурах ч үгийн баялаг, ойлголт тааруу байдаг. Хултай айраг гэхэд хул гэх үгийн утгыг мэдэхгүй байна.


Гэрийн ерөөл гэхэд бургасан унь, хана, бэр гуйхад буга намнаач гэхчлэн хуучны үг хэллэгүүдийг мэддэггүй. Ер нь тэгээд орчин цагт ийм үгтэй ерөөл унших нь зохимжгүй болоод байгаа учраас шинэчлэх нь зөв гэж боддог.


Холбоотой мэдээ