Г.Дашжанцан: Зөвхөн том хүний шүдийг амбулаториор үнэ төлбөртэй үздэг болсон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр,
2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Эрүүл
мэндийн даатгалын санхүүжилт зогсож, зарим эмнэлэг тусламж, үйлчилгээгээ
төлбөртэй болгож байгаа гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж байна.
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ямар шийдвэр хэрэгжиж байгааг захирал Г.Дашжанцангаас тодрууллаа.
-Улсын эмнэлгүүдийн
эрүүл мэндийн тусламж үйлчилгээ төлбөртэй болж байгаа гэх яриа байна. Аймгийн
БОЭТ-ийн зарим үйлчилгээ төлбөртэй болсон дуулдана. Энэ талаар мэдээлэл өгнө
үү?
-Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу иргэн хүссэн тохиолдолд төлбөртэй тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс өөрөөр төлбөр тогтоосон тохиолдол байхгүй.
Харин Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн дагуу зөвхөн том хүний шүдийг амбулаториор үнэ төлбөртэй үздэг болсон. Төлбөртэй тусламж үйлчилгээний доод хэмжээ болох 59500 төгрөгийн төлбөр авч байна.
Гэхдээ хүүхдийн шүдийг гурван удаа үнэ төлбөргүй эмчлээд дөрөв дэхээс нь төлбөртэй үздэг байсныг өөрчилж, 0-6 насны хүүхдийн тав хүртэлх, 7-18 насны хүүхдийн зургаа хүртэлх шүдийг, мөн жирэмсний хяналтад байгаа эмэгтэйн өвчилсөн бүх шүдийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байна.
Бусад үзлэг, эмчилгээнд төлбөр авч эхэлсэн тохиолдол байхгүй. Ер нь бол эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалын гэрээгээр гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон. Улсын зарим эмнэлэг гэрээний гүйцэтгэлийг хэтрүүлсэнтэй холбоотойгоор тодорхой хязгаарлалт хийсэн юм билээ.
-Ер нь БОЭТ-д ямар
эмчилгээ, сувилгааг үнэ төлбөртэй хүргэдэг вэ?
-Хүүхэд, ахмад настан, хөгжлийн
бэрхшээлтэй иргэн, цэрэг, эрхээ хязгаарлуулсан иргэд эмнэлгээр үйлчлүүлэх бол
зардлыг нь улс төлдөг. Энэ хүмүүст ямар нэг төлбөр ерөөсөө гардаггүй.
Хувиараа эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн, төрийн албан хаагчид БОЭТ-д эмчилгээ хийлгэхдээ оношоос шалтгаалан дунджаар нийт зардлын 15 хувийг төлдөг. Саяхнаас сум, аймаг, хотод үзүүлж буй тусламж үйлчилгээ, чадамжаас хамааран үндсэн суурь тарифт өөрчлөлт орсон. Түүнээс биш, шинээр төлбөр тогтоосон зүйл байхгүй.
-Цаашид он гараад төлбөртэй болох уу?
-Сая би эрүүл мэндийн салбарын
Удирдах ажилтны зөвлөгөөнд суугаад ирлээ. Энд ямар нэг төлбөр тогтоох тухай
яриагүй. “Харин төвлөрлийг сааруулах хүрээнд лавлагаа шатны эмнэлгийн баг орон нутагт ирж, үзлэг
оношилгоо хийдэг болно, иргэдэд зардал чирэгдэл учруулахыг аль болох багасгана.
Үүнийг дагаад аймгийн эмч, мэргэжилтнүүд чадавхжина” гэх зүйл яригдсан.
Манай Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь сүүлийн жилүүд, ялангуяа энэ онд хагалгааны нэр төрлийг нэмэгдүүлсэн. Жилд 2200 орчим хагалгаа хийдэг байсан бол энэ оны 10 дугаар сарын байдлаар 2600 гаруй хагалгааг амжилттай хийлээ. Үүнээс 80 гаруй тохиолдол нь харьяаллын бус аймгаас ирсэн.
Тэгэхээр бид төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд боломжит хагалгаануудыг орон нутагтаа хийхийг зорьж байгаа. 2025 оны 2 дугаар сараас хэвлийн хөндий, элэгний судас бөглөх, хавдар авах хагалгаа, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг Зөвлөх эмчтэй хамтран хийж эхэлнэ.
-Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх боломжгүй, заавал төлбөр авах шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ бий юу?
-Энэ жил манайх лабораторийнхоо бүх тоног төхөөрөмжийг сольж, шинжилгээг 18 үзүүлэлтээр нэмж авдаг болсон. Үүнтэй холбоотойгоор зарим урвалж бодисуудын үнэ даатгалд орооүй учраас тодорхой төлбөр тавигдаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор 45 мянгаас дээш өртөгт шинжилгээнд нийт төлбөрийн тодорхой хувийг иргэн өөрөө төлдөг.
Жишээлбэл, сүүлийн үед яригдаад байгаа хүний хөхөнцөр вирусийг манайх 28 үзүүлэлтээр оношилж байна. Үүний 110 мянгыг даатгалын сангаас төлөх бол хувь иргэн өөрөө 50 мянган төгрөг төлөх юм. Гэтэл энэ шинжилгээг хотод хувийн эмнэлэгт очоод өгвөл хамгийн багадаа 160 мянга төлнө.
Манай иргэд хотод очиж, хувийн
эмнэлэгт хандаад 500 мянган төгрөг төлөхдөө байх ёстой зүйл гэж ойлгодог хэрнээ
улсын эмнэлгээр үйлчлүүлж, 200 мянган төгрөг гарсны тодорхой хувийг төлөхдөө
өгөх ёсгүй гэж боддог.
Энэ ойлголтын зөрүүнээс болж, төлбөр
авлаа гэх яриа гарч байгааг үгүйсгэхгүй.
-Мэдээлэл өгсөнд
баярлалаа.