ЗАВХАН: Б.Өсөхбаярын "Засагт ханы тамганы талаар нэгэн асуудал" илтгэл тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-15 13:05:23

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ. Завханы музейгээс "Музей ба өв соёл" нэртэй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж шилдэг илтгэлүүдийг тодруулжээ.


Эрдэм шинжилгээний хурлыг Завхан аймгийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн өдөрт зориулж аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрууд хамтран явууллаа.


Музейн үйлчилгээ, музейн үнэт үзмэрүүдийг таниулах, музей үзэх соёлыг түгээх, хүүхэд залуучууд, үзэгчдэд тулгамддаг асуудлуудын талаар аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын багш нар илтгэл хэлэлцүүлжээ.


Шилдэг илтгэл тодруулах эрдэм шинжилгээний хуралд ерөнхий боловсролын 29 сургуулийн 36 багш оролцож 10 илтгэлийг хэлэлцүүллээ. Шилдэг илтгэлээр Улиастай сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Б.Өсөхбаярын "Засагт ханы тамганы талаар нэгэн асуудал" илтгэл шалгарч тэргүүлсэн байна.


Хоёрдугаар байрт Улиастай сумын ерөнхий боловсролын Жавхлант цогцолбор сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Т.Нэмжбадгар, Ш.Батцэцэг нарын "Музейн нийгэмд нөлөөлөх үр нөлөө" илтгэл, гуравдугаар байрт Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн түүхийн багш Д.Тулга, Л.Пүрэвдорж нарын "Цэцүүхийн амны түрэгийн үеийн тахилын онгоны дурсгал" илтгэлүүд шалгарсан байна.


Тусгай байрт Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Б.Баасанжаргалын "Тосонцэнгэл сумын Орон нутаг судлах танхимын нийгэмд нөлөөлөх нөлөө ба тулгамдаж буй асуудлууд", Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш С.Мөнхбаатар ахлагчтай багийн "Музейн үзмэрийг сургалтад ашиглах арга зам, үр нөлөө" илтгэлүүд шалгарч дурсгалын зүйлээр шагнууллаа.  


Дэлхий нийтэд музейн сургалтыг боловсролын байгууллагатай хамтран явуулдаг. Манай улсын хувьд музейд сургалт, боловсролын танхимууд байгуулж, хүүхдийн танин мэдэхүйн боловсролд чиглэсэн хөтөлбөрт илүү анхаарал хандуулж эхэлж байгаа юм. Тиймээс манай байгууллага боловсролын байгууллагууд болон соёлын байгууллагуудтай хамтран музейн нээлттэй өдрүүдийг тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулж олон талын үйл ажиллагааг явуулдаг.


Ялангуяа хүүхэд багачуудад музейн талаарх боловсрол олгож, эх орныхоо түүх соёлтой музейгээр дамжуулан танилцах боломж бүрдүүлэх нь чухал юм.


“Музей өөрөө амьд байх хэрэгтэй юм. Өнөөдөр дэлхий дахинд музейг амилуулах, амьд байлгахыг зорьж байна. Музейн үзмэрүүдийг үзэгчдэд, тэр дундаа сургуулийн сурагчдад хүргэж амьдруулахгүй бол үзмэр хэвээр байна.


Энэ мэтчилэн хөтөлбөр бол зөвхөн музейн ажилтнуудын ажил биш. Тиймээс музейн ажилтнууд, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хамтын ажиллагаа чухал юм. Энэ удаагийн шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал дээрх зорилгуудыг хэрэгжүүлэхэд шийдэл олсон үр дүнтэй олон талын хамтын ажиллагаатай үйл ажиллагаа боллоо гэж Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг мэдээлэв.  

Шилдэг илтгэл тодруулах эрдэм шинжилгээний хуралд ерөнхий боловсролын 29 сургуулийн 36 багш оролцжээ

Холбоотой мэдээ