Энэ удаагийн цэрэг татлага шинэ хуулийн дагуу болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-10-20 14:19:30

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын бэлтгэл ажил бүрэн хангагдсан, цэрэг татлагын товчоодод 2579 албан тушаалтан томилогдон ажиллана. Цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас эзэддээ хүргэгдсэн гэж нийслэлийн Цэргийн штабаас өнөөдөр  мэдээллээ.

Монгол Улсын Батлан хамгаалах багц хууль шинэчлэн баталсантай холбоотой цэрэг татлагын журамд зарим өөрчлөлт орсныг нийслэлийн Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар тайлбарлав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг цэргийн албанд татахгүй болжээ. Мөн оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамралгүй өөрийн хүсэлтээр хугацаат цэргийн албанд явж болно. 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үеэр  33,7 хувь буюу 3818 иргэн эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгджээ. Харин энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар 14200 залуугаас 4260 нь эрүүл мэндээр тэнцэхгүй, урт болон богино хугацааны эмчилгээнд заавал хамрах болсон байна. Цэргийн албанд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байгаа залуусын ихэнх нь мэс засалд орсон, дотор, нүд, чих, хамар хоолойн удмын болоод архагшсан өвчтэй байв. Сүүлийн жилүүдэд дээрх өвчлөлөөс гадна сэтгэцийн өөрчлөлттэй гэх шалтгаанаар цэргийн албанаас хасагдах залуусын тоо нэмэгдсэнийг мөн онцлов. Жил бүр эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанаас чөлөөлөгдөх залуучуудын тоо буурахгүй байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөлөгч бас нэмж хэллээ. Гэрээт цэрэгт нийслэлийн хэмжээнд 79 иргэн элсүүлэхээс 119 иргэн гэрээт цэргийн албанд элсчээ. Сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн ирц хангалтгүй байснаас зарим дүүрэг, хороодод дахин санал хураалт явуулахаар болсон. Тиймээс сонгуулийн санал авах байртай давхцаж байгаа цэрэг татлагын байруудыг өөрчлөх хэрэгтэй болсныг анхааруулан мэдээллээ. Энэ удаагийн цэрэг татлага ийнхүү шинэ хуулийн дагуу болох онцлогтой юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ