ӨВӨРХАНГАЙ: Аймгийн ИТХ-аар шахмал түлшний асуудлыг онцолж ярилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан өнөөдөр болж, 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай, аймгийн 2024 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2025 оны төсвийн төслийн тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар төлөөлөгчид ихэвчлэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр асуулт, санал тавьсан юм. Тодруулбал, 2019 оноос эхлүүлсэн Баянтээгийн шахмал түлшний үйлдвэрлэл өнөө хэр нь яагаад үр дүнгээ өгөхгүй байгааг төлөөлөгчид тодруулж, цаашид ямар арга хэмжээ авах талаар санал илэрхийлэв.
Анх 2019 онд 1.4 тэрбум төгрөгөөр байгуулсан Шахмал түлшний үйлдвэрт аймгийн төсвөөс жил бүр 400 сая төгрөг өгдөг. 20 кг буюу нэг шуудай нь 6600 төгрөгөөр гардаг шахмал түлшийг иргэдэд 4500 төгрөгөөр нийлүүлсний үнийн зөрүүнд, мөн ажилчдын цалин, шатахууны зардал, үйлдвэрийн өргөтгөлийн ажилд дээрх төсөв зарцуулагддаг аж. Гэсэн ч үйлдвэрийн хүчин чадал хүрэхгүйгээс шалтгаалж, энэ онд шахмал түлш үйлдвэрлээгүй бөгөөд олон үйлдэлт зуух, шахмал түлш хатаагч, бусад шаардлагатай төхөөрөмжийг шинээр авч, гүнийн худаг гарган агуулахын барилга, түлш савлах цехийг барьж байгаа юм.
Аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж хэлэхдээ, “Баянтээгт үйлдвэрлэж байгаа шахмал түлш нь кокосжуулсан нүүрс, улаанбуудайн барьцалдуулагч бодис, шар шавраар хийж байгаа, ямар нэг химийн орц найрлагагүй, Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлагад нийцсэн, лабораторийн шинжилгээгээр батлагдсан сайжруулсан түлш гэдгийг би албан ёсоор хэлье. Агаарын бохирдлыг бууруулахын тулд ойрын дөрвөн жилдээ сайжруулсан түлш хэрэглэхээс өөр шийдэл байхгүй байна. Сайн шийдэл байвал хамтраад ажиллая” гэлээ.
Мөн Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат үүнээс өөр гарц шийдэл давхар хайж байгаа хэмээж байв. “Бид 36 м.кв гэр, 50 м.кв талбай бүхий байшин халаах зориулалттай эко зуух шинээр гарсан байна. Арвайхээр сум баг бүрд 30 айл өрхөд нийлүүлж туршихаар 200 сая төгрөгийн тендер зарлаад байна. Мөн НҮБ-ын гэр дулаалгын төсөлтэй холбогдож, гэр дулаалах аргаар түлшний хэрэглээг багасгах шийдэл хайж байна” гэсэн юм.
Харин ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс шахмал түлш үйлдвэрлэлийн ажиллагааг эсэргүүцэж, арай өөр шийдлийг харах, яндан цөөлөх ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэж байлаа. Өвөрхангай аймаг дулааны станцын шав тавьснаас хойш 50 хувийн гүйцэтгэлтэйгээр барилгын ажил зогсоод байна.