ОРХОН: Хог хаягдлын хураамжийг нэмэгдүүлснээр 1,8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 20,/ МОНЦАМЭ/. Орхон аймаг давхардсан тоогоор 120 000 гаруй хүн ам, 25 000 гаруй өрхтэй. Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сумтай.
Баян-Өндөр суманд Эрдэнэт хотын иргэдийн 90 гаруй хувь нь амьдардаг.
Үүнтэй уялдан хотын хог хаягдлын асуудал ч ихээр яригддаг. Баян-Өндөр сумын ИТХ-аас 2021-2024 онд “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох хөтөлбөр”-ийг баталсны дагуу 2021 онд тухайн үеийн төгрөгийн инфляцитай уялдуулан хог хаягдлын хураамжийг нэмж 500 сая төгрөг төвлөрүүлж байжээ.
Харин он онд нэмэгдүүлж явсаар 2024 онд 1,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн Хот тохижуулах газартай хамтран хог хаягдлын татан авалт, менежментийг сайжруулсан байна.
Баян-Өндөр сумын 2024 оны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон нийт төсөв 19,4 тэрбум төгрөг байсан бол 2025 оны төсвийн төлөвлөгөөг 13 орчим тэрбум төгрөг байхаар төсөвлөж, 2024 оны 12 дугаар сарын 27-нд хуралдах ИТХ-аар батлахаар болсон байна.
2025 онд Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ-аас цахилгаан хангамжийг сайжруулах дэд бүтцийг шинэчлэхээр төсөл хөтөлбөрийг боловсруулжээ.