14 мега төслийн гурав нь аж үйлдвэрийн паркийн хүрээнд хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-12-19 16:08:05

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Уянгын хүсэлтийн дагуу үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх мэдээллийг сонслоо.


Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны эрхлэх асуудалд хамаарах үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн гурав нь аж үйлдвэрийн паркийн хүрээнд хэрэгжинэ гэж Төрийн нарийн бичгийн дарга онцлоод, Тавантолгойн кокс, эрчим хүчний, Бор-Өндөрийн жонш, цахиурын, Эрдэнэтийн зэсийн, Дархан-Уулын гангийн, Хөтөлийн барилгын материалын, Багануурын химийн үйлдвэр технологийн паркуудыг нэрлэсэн юм. Тэрбээр бодитоор хэрэгжиж байгаа Дорноговь аймгийн Өргөн сум дахь Алтанширээ, мөн аймгийн Хөвсгөл сум дахь Гэрэлтговь, Эрдэнэтийн үйлдвэрлэл технологийн паркийг жишээ болгон танилцуулав.


Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа үйлдвэрлэл технологийн паркуудын НӨАТ-ыг дөрвөн жил хүртэлх хугацаанд хойшлуулах, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг мөн хугацаагаар чөлөөлөх, үл хөдлөх эд хөрөнгийн татвар чөлөөлөх зэрэг бодлогын дэмжлэг үзүүлж буй юм. Алтанширээ технологийн паркад гаалийн татвараас 39 тэрбум төгрөг чөлөөлөх, НӨАТ-аас 81.9 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулан төлөхөөр төлөвлөсөн байна. Тус паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад өнөөдрийн байдлаар 40.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн аж. Үүнд, 6.3 мВт-ын цахилгаан станц, 12.0 км төмөр зам, 9.4 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүрэн барьж, усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 15 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус паркад нүүрс баяжуулах, эрчим хүчний кокс, төмрийн хүдрийн нойтон соронзон баяжуулах, төмрийн хорголжин болон ширмийн таван цогцолбор үйлдвэр баригдаж байгаа аж. 2028 онд бүрэн ашиглалтад орох эдгээр үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 432 тэрбум орчим төгрөгийн татвар төлөх бөгөөд 2000 гаруй ажлын байрыг шинээр бий болгох юм.


Гэрэлтговь үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 187 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд газар, үл хөдлөх хөрөнгийн татварууд, 13.3 тэрбум төгрөгийн гаалийн татварыг чөлөөлж, 28.0 тэрбум төгрөгийн НӨАТ-ыг 2030 он хүртэл хойшлуулсан байна. Баяжуулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт 91-98 хувийн, эрчим хүчний коксын үйлдвэр, цахилгаан хангамжийн бүтээн байгуулалт 32 хувийн гүйцэтгэлтэй яваа аж. Үйлдвэрүүд мөн 2028 онд бүрэн ашиглалтад орно. 


Эрдэнэтийн үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцэд Эрдэнэт үйлдвэр 137.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Зэс баяжуулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрүүд баригдах тус паркийн 12.6 км авто замын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 45 хувьтай, төмөр замын ажил 91 хувьтай, ус хангамж, ариутгах татуургын ажлын гүйцэтгэл 76 хувьтай байна. Цахилгаан хангамжийн бүтээн байгуулалт үндсэндээ дуусжээ. Үйлдвэрүүд 2029 онд ашиглалтад орж, 125 мянган тонн катодын зэс, 72 кг алт, 38 тонн мөнгө, 182 мянган тонн элементийн хүхэр, 118 мянган тонн хүхрийн хүчил боловсруулахаар төлөвлөжээ.


Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар танилцуулгадаа Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй нь ажилд гацаа үүсгэж байгааг онцолсон юм. Үйлдвэрлэл технологийн парктай холбоотой 12 журам батлахаас долоо нь батлагдаад байгаа бөгөөд газрыг тусгай хэрэгцээнд авах, түүхий эдийн баталгаа, дэд бүтцийн хангамжид хөнгөлөлт үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүчийг төлбөрөөс чөлөөлөх, АМНАТ-ыг хөнгөлөх зэрэг асуудлыг зохицуулах журмууд гараагүй байна хэмээн танилцуулсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ