МОНЦАМЭ: Монгол Улсад 2024 онд өрнөсөн онцлох үйл явдлууд
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улирч буй 2024 онд Монгол Улсад өрнөсөн, мөн монгол орныг дэлхий дахинд сурталчилсан үйл явдлуудаас Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 10 чухал үйл явдлыг онцлон нэрлэж байна.
Улс төр:
1. Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ой тохиов /11 дүгээр сарын 26/.
Энэ нь улс орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтносон байдлыг тунхаглан зарлаж, хүний эрх, эрх чөлөөг анх удаа баталгаажуулан Төрийн эрх барих дээд байгууллагыг бүх нийтээр сонгох хүн төрөлхтний дэвшилтэт засаглалын хэлбэрт шилжсэн түүхэн өдөр юм.
2.Монгол Улсад анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв /6-р сарын 28/
Монгол Улс ардчилсан
тогтолцоонд шилжсэнээс хойших УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийг холимог
тогтолцоогоор амжилттай зохион байгуулснаар хувь тэнцүүлсэн болон бүсчилсэн
тойргоос сонгогдсон 126 гишүүнтэй парламент анх удаа бүрдэв. УИХ-ын 2024 оны
ээлжит сонгуульд 19 нам, 2 эвсэл болон бие дааж нийт 1300 гаруй хүн нэр дэвшин
өрсөлдлөө.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль 10-р сарын 11-нд болж, МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 2393 тойргийн 8031 мандатын төлөө 17278 нэр дэвшигч 10 нам, бие даагч, нэг эвслээс өрсөлдөв.
3. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн сан”-гийн тэргүүн Бан Ги Мүн “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэв /11-р сарын 2/
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн
Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис
хаан” одонг НҮБ-ын найм
дахь Ерөнхий нарийн бичгийн дарга,
“Илүү
сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн сан”-гийн тэргүүн
Бан Ги Мүнд хүртээв.
Тогтвортой хөгжлийн зорилгууд болон Парисын хэлэлцээрийг батлахад улс орнуудыг манлайлан, нэгдсэн зөвшилцөлд хүргэж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх хийгээд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан онцгой хувь нэмрийг нь ийнхүү үнэллээ.
4. Монгол Улсад хамгийн олон төрийн тэргүүн айлчилсан жил болов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар найман улсын төрийн тэргүүн буюу ХБНГУ-ын Холбооны
Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр, БНБУ-ын Ерөнхийлөгч
А.Г.Лукашенко, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, Бутаны Хаант
Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, ШХУ-ын
Ерөнхийлөгч Виола Амхерд, БНСУ-ын Ерөнхийлөгч
Др.Наташа Пирц Мусар, БНСВУ-ын Ерөнхийлөгч То
Лам, БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев нар төрийн айлчлал хийв.
Мөн Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин есдүгээр сарын 2-3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм.
Нийгэм, соёл:
5. Монголын хэл, соёл, уран зохиолын хосгүй гурван дурсгал болох Чингисийн чулууны бичгийн 800, Цогтын хадны бичгийн 400, Данжуурын гэрэлт хөшөөний 100 жилийн тэгш ой тохиов
Дэлхийн бичиг үсгийн соёлд монголчуудын оруулсан нэгэн гайхамшигтай хувь нэмэр болсон монгол бичгээрх хамгийн эртний дурсгал нь Чингисийн чулууны бичиг билээ. Монгол хэл, түүхийн хосгүй дурсгал “Монголын нууц товчоон”-оос ч өмнө бичигдсэн энэхүү гэрэлт хөшөөнд Чингис хааны дүү хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн хамгийн хол харвасан дээд амжилтыг бахдан сийлсэн байдаг.
Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хутаг уулын өвөрт халхын цоохор хунтайж хэмээх Цогт тайжийн эгчээ санан хэлсэн шүлгийг түүний Дайчин хиа, Гүен баатар нар 1624 онд Дуутын хад хэмээх хар чулуунаа сийлэн мөнхөлсөн нь монгол бичгийн үсгийн урлагийн төдийгүй 17-р зууны Монголын яруу найргийн сонгодог өв болон бидний үед уламжлагджээ.
Эдүгээ Монголын Үндэсний номын санд буй Данжуурын гэрэлт хөшөө нь номд зориулсан гэрэлт хөшөө гэдгээрээ онцлог юм. Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол шунхан Данжуурын 226 ботийг нийслэл хүрээнд 1924 онд залж авчирсан нь соёлын гайхамшигт үйл явдал байв. Энэхүү үйл хэрэгт зориулан уг гэрэлт хөшөөг босгосон түүхтэй.
6. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт анх удаа Улаанбаатар хотноо боллоо /8-р сарын 22, 23/
Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойн жил зохион байгуулагдсан тус чуулган 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас хойш Ази тивд болсон хамгийн өргөн цар хүрээтэй уулзалт болсон юм. Нийт 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 гаруй байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгэм болон бизнес, спорт, урлагийн салбарын 800 гаруй манлайлагч эмэгтэй оролцов.
7. Монголын эзэнт гүрний үеийн хосгүй үнэт дурсгал 719 жилийн дараа эх орондоо “айлчлав” /7-р сарын 3-наас 8 дугаар сарын 25/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг “Чингис хаан” Үндэсний музейд 7-р сарын 3-наас наймдугаар сарын 25-нд монголчуудын хүртээлд дэлгэв. Үзэсгэлэнд Монголын эзэнт гүрэн, Ил хаант улс, Юань гүрний түүхтэй холбоотой дурсгалуудыг хадгалж буй Лувр тэргүүтэн Европын таван томоохон музей, архиваас авчирсан гайхамшигтайүзмэрүүдийг толилуулсан юм. Тэдгээрийн дундах нэгэн өвөрмөц үзмэр нь Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт 1305 онд илгээсэн захидал байв. Гурван метр урт, 53 см өргөн энэ захидал монгол хаадын бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв, төрт ёсны аугаа уламжлал, монголын их амар амгаланг бүрэн илэрхийлэхийн сацуу дипломат ёсыг бэхжүүлж, дэлхий нийтэд энх тайвныг тогтоосон хэмээн үнэлэгддэгээрээ гайхамшигтай юм.
8. Монгол
Улс ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 16 дахь, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн
баримтат өвийн жагсаалтад 5 дахь өвийг бүртгүүлэв.
Парагвай улсад 12 дугаар сарын 5-ны өдөр болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганы хуралдаанаар “Монгол нүүдлийн зан үйл” өвийг бүртгэлээ. Энэ нь Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болсон юм.
Түүнчлэн Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар чуулганаар ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад “Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл” болон Монгол Улсын анхны марк “Элдэв-Очир” гэсэн өвүүдийг бүртгэв. Ингэснээр ЮНЕСКО-гийн дээрх жагсаалтад Монгол Улсын 5 баримтат өв бүртгэлтэй боллоо.
Спорт:
9. Монголын паралимпын шигшээ багийнхан түүхэн амжилт гаргав /8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 9/
Францын нийслэл Парис хотод болсон зуны 17 дугаар паралимпын наадамд Монгол Улсаас спортын зургаан төрлөөр 12 тамирчин өрсөлдөж, нэг алт, гурван мөнгө хүртэв. Ингэснээр манай улсын тамирчид долоо дахь удаагийнхаа паралимпад хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, хамгийн олон медаль хүртсэн жил боллоо.
Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав аваргалснаар паралимпын анхны алтан медальт монгол эмэгтэй болсон бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ цээжнээс 248 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртсэнээр паралимпын иж бүрэн медальтай анхны монгол тамирчин болов.
Түүнчлэн таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга 11.9 метрийн шидэлтээр тус тус мөнгөн медаль хүртсэн юм.
10. Цахим спортын “The Mongolz” баг дэлхийд чансаагаараа эхний 10-т багтаж буй цорын ганц Ази баг болов
Mongolz баг "Intel" компанийн ивээн тэтгэдэг, дэлхийн хамгийн нэр хүндтэй цахим
спортын тэмцээнүүдийн цуврал “IEM
Taipei”-д аваргалснаар олон улсын тавцанд гарах эхлэлээ 2016
онд тавьж байлаа.
Улмаар
Азийн бүсийн
багуудын өрсөлдөөнийг онцлон харуулсан “Yalla Compass 2024” тэмцээнд ялж, Counter-Strike
тоглоомын "Major" тэмцээнд оролцох эрхийг олгох бүсийн чансаа тогтоох
тэмцээн буюу “PGL
Major Copenhagen 2024”
тэмцээнээс шалгарч
анхны стикэрээ авсан.
Хамгийн сүүлд нэг
сая ам.долларын шагналын сантай, бооцооны байгууллагын түүхэн
дэх хамгийн өндөр шагналтай тэмцээн “Thunderpick
Championship 2024”-т
түрүүлж аваргууд гэдгээ дахин дахин
баталсаар
байна.
Цахим спортын "CS2" төрөлд дэлхийн чансааг хоёр
гол байгууллага тодорхойлдог бөгөөд нэг
нь тус тоглоомыг хөгжүүлэгч "Valve", нөгөө нь энэ тоглоомын хамгийн том мэдээллийн платформ болох
"HLTV" юм. Тэгвэл 12-р сарын 9-нд "HLTV"-ийн шинэчилсэн чансаагаар "The MongolZ" баг хоёр байр ахиж, дэлхийн чансааны
7 дугаарт бичигджээ.
Энэ бол Азийн "CS"-ийн түүхэнд урьд өмнө нь гарч
байгаагүй дээд амжилт бөгөөд монгол баг анхдагч боллоо. "Valve"-гийн чансаагаар "The MongolZ"
одоогоор дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна.