Байгаль орчны салбарт олон улсын зээл тусламжаар 28 төсөл хэрэгжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны энэ сарын 24-ны өдрийн хамтарсан хуралдаанаар Байгаль орчны салбарт олон улсын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн мэдээллийг сонслоо.
Тэрбээр
мэдээлэлдээ, тус салбарт 2024
оны байдлаар Даян дэлхийн байгаль орчны сан, БНСУ, ХБНГУ, Уур амьсгалын ногоон
сан, Европын холбоо, Япон, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын санхүүжилтээр
28 төсөл хэрэгжиж байна. Дээрх 28 төслийг авч үзэхэд Хөвсгөл, Завхан, Ховд, Баянхонгор, Хэнтий, Дорнод, Сүхбаатар
аймагт 2-5 төсөл хэрэгжиж
байна. Төслийн санаачилга гараад эцэслэх хүртэлх хугацаанд дунджаар
2 жилээс багагүй хугацаа зарцуулж байгаа ба энэ онд хэрэгжиж буй төслүүд нь
2022 он, түүнээс өмнө батлагдсан. Төслийг хэрэгжүүлэхдээ засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгжийн хил хязгаарт тулгуурладаггүй. Үүний оронд байгалийн бүс,
бүслүүр, экосистемийн хил хязгаар, хамгаалалтын дэглэмийн нөхцөлд тулгуурлан
тогтоодог нийтлэг шинжтэй гэж салбарын сайд онцлов.
Төслүүдийн
санхүүжилтийн дийлэнх нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд чиглэж
буй. Мөнгөн дүнгээр илэрхийлвэл 97.5 сая ам.доллар буюу 53
хувийг эзэлж байна. Манай улс цаашид байгаль орчны төслүүдийг
хэрэгжүүлэхдээ гадаадын
санхүүжилтийг татах шаардлагатай. Түүнчлэн төсөл хөтөлбөрүүдийн үр ашгийг
сайжруулахын тулд үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлсэн
төслүүдийн үр дүнг бодитоор хэмжиж, зорилгодоо төслүүдийн хяналт-шинжилгээ,
үнэлгээний нэгдсэн тогтолцоог шинэчлэх, Сангийн яамны мэдээллийн сантай бүрэн
нийцүүлэх, байгаль орчны салбарт санхүүжилтийг хуваарилахдаа зөвхөн нэг чиглэлд
төвлөрөхгүй, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, химийн хортой бодис зэрэг
бусад чухал асуудлуудад ч анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа салбарын сайд хэллээ.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, С.Замира, М.Мандхай, Ц.Идэрбат М.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа нар үг хэлсэн юм. Гишүүд эл салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг олон шалгуур үзүүлэлтээр үнэлж, үр дүнг илүү нарийвчлалтай гаргадаг болох, мөн салбарын яамнаас урт хугацаандаа байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төслүүдээр дамжуулан ямар үр дүнд хүрэх талаараа тодорхой танилцуулж, иргэд малчдыг мэдээллээр хангахад бодлогын арга хэмжээ авах нь зүйтэй. Мөн цаашид хэрэгжүүлэх төслүүдийг уур амьсгалын өөрчлөлт, өвөлжилтийн хүндрэлтэй холбоотойгоор малчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, тэднийг малжуулах, амьжиргааг нь дэмжих, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг тодорхой чиглэлд хандуулахад онцгой анхаараарай гэж байлаа.
Байгаль орчны мэдээллийн сан дахь мэдээллээр, 1998-2023 онд 107 төсөл хөтөлбөр хэрэгжиж, 360 сая ам.доллар салбарт зарцуулсан байна. Үүнээс тусгай хамгаалалттай газар нутагт нийт санхүүжилтийн гуравны нэг нь ногдож буй. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд 24 хувийг нь зарцуулжээ.