Дорнодын 13 сумын 10-т нь МАН олонхийн санал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-20 20:13:25

Дорнод аймгийн МАН 13 сумаас 10 суманд үнэмлэхүй ялалт байгууллаа.

Дорнод аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэн: “Итгэл хүлээлгэн сонгосон ард иргэддээ талархал илэрхийлье. Одоо мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө ажиллах л үлдлээ” гэж ялалтаа зарлахдаа онцолсон юм. Чойбалсан суманд МАН-аас нэр дэвшигчид 100 хувь ялсан бол Баяндун, Баянтүмэн, Баян-Уул, Булган, Матад, Халхгол, Сэргэлэн, Цагаан-Овоо суманд дийлэнх олонхийн санал авчээ. Харин Гурванзагал, Дашбалбар суманд цөөнх болж, Чулуунхороот суманд тэнцсэнээр дахин санал хураалт явуулахаар болов.

Аймгийн төвийн 10 багийн 17 хэсгийн хороонд санал хураалт явуулснаас 5 багийн 7 хэсгийн хороонд ирц хүрсэн, энэхүү 5 багийн 13 мандатын 12-ыг МАН-ын нэр дэвшигчид авчээ.  Ирц хүрээгүй 5 багийн 10 хэсгийн хороонд нэмэлт санал хураалтыг ирэх амралтын өдөр  явуулна. Баяндун сумын 3-р баг, Баян-Уул  сумын 4-р баг, Чулуунхороот  сумын 1-р баг, Хөлөнбуйр сумын 1-р багт мөн ирц хүрээгүй байна. Ирц нь хүрээгүй хэсгийн хороод дээр МАН-ын нэр дэвшигчид хамгийн олон саналтай явж байгаа юм. 

Нэмэлт санал хураалт явуулахад тухайн өдрийн санал авах байрны төрийн алба хаагчдад цалинтай чөлөө олгох бол саналын хуудас хэвлэх, санал унших машиныг дахин цэнэглэх зэрэг зардал гарна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ