Нэгдүгээр сарын 15-наас хойш нийт нутгаар хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-02 10:33:38

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулжээ.


Нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх ч хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч дунджаас 3-8 градусаар хүйтэн байх төлөвтэй байгаа аж. Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дунджийн орчим, хур тунадас баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.  


Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар хүйтэн, хур тунадас Баян–Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг дулаарах аж. Гэхдээ энэ сарын дунд хэсгээс хойш хүйтний эрч нэмэгдэхийн сацуу цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй байна.


Төвийн аймгуудын нутгаар: Ойрын тав хоногтоо жиндүү байх ч ирэх долоо хоногоос бага зэрэг дулаарах төлөв гарсан байна. Харин 20-ноос хойш хүйтний эрч олон жилийн дунджаас 3-6 хэмээр нэмэгдэх бөгөөд энэ үеэр цастай, зарим өдөр салхины хүч нэмэгдэх хандлага байгааг анхаарууллаа.


Зүүн аймгуудын нутгаар: Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үед олон жилийн дунджаас 2-5 хэм хүйтэн байна. Харин бусад үед харьцангуй дулаан байх бол 20-ноос хойш ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч болзошгүй аж.


Говийн аймгуудын нутгаар: Тухайн аймгуудад агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим байх аж. Гэхдээ ойрын өдрүүдэд Өмнөговь аймгийн баруун хэсгээр хүйтний эрч нэмэгдэх төлөв гарчээ. Тэгвэл 20-ноос эхлэн нийт нутгаар олон жилийн дунджаас 2-5 хэмээр хүйтэн байхыг анхааруулав. Цасны хувьд 20-ноос хойш бага зэрэг орж, шуургатай байж болзошгүйг цаг уурчид мэдээллээ.


Нэгдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас харвал 2015 оны  нэгдүгээр сард нийт нутгаар 1-8 хэмээр дулаан байсан нь 1979 оноос хойшхи хамгийн дулаан нэгдүгээр сар байжээ. Харин 2011 оны нэгдүгээр сар хамгийн хүйтэн байсныг тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ