СЭЛЭНГЭ: Орон нутгийн хөгжлийн сангаас 24.7 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-03 11:42:41

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр 219.6 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжих бөгөөд аймгийн төсвөөс болон орон нутгийн хөгжлийн сангаас нийтдээ 24.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ.  

 

Сэлэнгэ аймгийн ИТХ 2024 онд Хурлын хуралдааныг 7 удаа хуралдуулж 42 тогтоол баталж, Зөвлөлийн хуралдааныг 7 удаа хуралдуулж 24 асуудал хэлэлцэж, аймгийнхаа хөгжлийн гарц гаргалгааг томьёолсон бодлогын баримт бичгүүдийг баталсан байна.

 

Тодруулбал, 2024 онд аймгийн ИТХ-ын хуралдаанаар Сэлэнгэ аймгийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоон өгч, хүн амын амин чухал хэрэгцээ болсон унд усны эрүүл аюулгүй байдлыг хамгаалахад анхаарчээ.  

 

Мөн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, улс, аймгийн хөгжлийн алс хэтийн бодлогыг дэмжих зорилгоор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг түшиглэн барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Хөтөл үйлдвэрлэл технологийн парк” байгуулах саналыг дэмжин уламжилсан байна.

 

Аймгийн шинэ хурлын бүрэлдэхүүн аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг хангах зорилгоор “Сэлэнгэ аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө”, Сэлэнгэ аймгийн 2024 оны тодотгосон төсөв болон аймгийн 2025 оны төсөв батлах тухай зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна.

 

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь өмнөх хурлуудаас батлан гаргасан журам, хөтөлбөр, арга хэмжээ, төлөвлөгөөнүүдийн хэрэгжилт биелэлтийн байдлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудын илтгэл, мэдээллийг сонсон үнэлэлт дүгнэлт өгч, зарим байгууллагуудад газар дээр нь очиж ажиллан, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлон ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ