ЗАВХАН: Малын тоо өмнөх оноос 1.9 хувиар цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-02 15:18:03

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 2024 оны жилийн эцэст 3008.2 мянган толгой мал тоолуулжээ.


Малын тоо өмнөх оноос 59.3 мянган толгойгоор буюу 1.9 хувиар буурсан байна. Сүүлийн 34 жилд мал сүрэгт ямааны эзлэх хувь 19.2 хувиар нэмэгджээ.


Малын тоог төрлөөр нь авч үзвэл, адуу 246.9 мянга болж 2.6 хувиар буурсан. Үхэр 220.3 мянга болж өмнөх жилээс 6.8 хувиар буурсан. Тэмээ 9 мянга болж 3.8 хувиар өссөн, хонь 1442.6 мянга болж 5 хувиар буурсан. Ямаа 1089.4 сая болж өмнөх оноос 3.7 хувиар өссөн байна. Нийт мал сүрэгт хонь 48 хувь, ямаа 36.2 хувь, үхэр 7.3 хувь, адуу 8.2 хувь, тэмээ 0.3 хувийг тус тус эзэлж байна.


1990 онд Завхан аймаг 2.1 сая малтай байжээ. 1990 онд мал сүрэгт ямааны эзлэх хувь 17 байсан бол 2024 онд 36.2 болж өсжээ.


Харин нийт мал сүрэгт эзлэх хонины хувь 1990 онд 65.8 байсан бол 2024 онд 48.0 болж буурчээ. 34 жилийн хугацаанд адуу, үхэр, тэмээний эзлэх хувь мөн буурсан байна.


Завхан аймгийн хамгийн олон мал тоолуулсан жил нь 2019 он буюу 3.8 сая мал тоолуулж байсан. 2002 онд Завхан аймаг 1.4 сая мал тоолуулсан нь хамгийн бага жил байсан гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.  

/Нүүрний гэрэл зургийг Н.Сүхбат/

Холбоотой мэдээ