Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын ирэх гурван жилийн зорилтыг хэлэлцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан болон 2024 оны гүйцэтгэлээр ашигтай ажиллаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК-ийн үйл ажиллагааны талаарх танилцуулгыг сонсжээ.
Уул уурхай, иргэний агаарын тээвэр, банк санхүүгийн салбарын эдгээр таван компани, үйлдвэрийн газар 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар нийт 15 их наяд 304 тэрбум төгрөгийн орлого олж, есөн их наяд 247 тэрбум төгрөгийн зардал гарган, дөрвөн их наяд 504 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 122 компани, үйлдвэрийн газар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, 60 орчим мянган хүн ажиллаж байна. Эдгээр компани, үйлдвэрийн газар 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлангаар нийт 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө эзэмшиж, 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого олж, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал гарган, дөрвөн их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Нэгдсэн дүнгээр 5 их наяд шахуу төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэдий ч
нийт цэвэр ашгийн дүнгийн 4.75 их наяд төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”,
“Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Хөдөө аж ахуйн корпорац”, “Төрийн банк”
зэрэг таван компани, үйлдвэрийн газар, 380 тэрбумыг нь бусад 51
компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ. 43 компани, үйлдвэрийн газар
алдагдалтай ажиллаж, алдагдлын нийт дүн 150 тэрбум төгрөг байна. Засгийн газраас Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг
сайжруулах зорилгоор эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын
2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн болон орон
нутгийн өмчийн тухай хуульд Төрийн өмчит компани, үйлдвэрийн газар үйл
ажиллагаагаа ил тод, нээлттэй, бүтээмжтэй, үр өгөөжтэй явуулах тодорхой
зохицуулалтуудыг тусгаад буй. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай
анхдагч хуулийн төслийг боловсруулаад байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв.